Энэтхэг, Пакистан улсуудын хоорондын хурцадмал байдал сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдэж, зэвсэгт мөргөлдөөнд хүрэх эрсдэл өндөр болоод байна. Тодруулбал, энэ сарын 22 /2025.04.22/-ны өдөр Энэтхэгийн хяналтад байдаг Кашмирын Пахалгам хотод болсон террорист халдлага нь хоёр орны харилцааг хурцатгасан гол шалтгаан болсон юм.
Уг халдлагад 26 энгийн иргэн амиа алдаж, 20 гаруй хүн шархадсан бөгөөд “The Resistance Front” гэх бүлэглэл хариуцна гэдгээ хүлээсэн. Харин Энэтхэгийн тал уг бүлэглэлийг Пакистаны дэмжлэгтэй гэж үзэж байгаа юм. Иймд Энэтхэгийн Засгийн газар "Пакистаны иргэдэд олгосон визийг хүчингүй болгож, шинэ виз олгохоо зогсоож, Пакистаны дипломатчдыг албадан гаргаж, Энэтхэгийн дипломатчдыг татан авч, 1960 оны Индус голын ус хуваах гэрээгээ түр зогсоож, Пакистантай хийж байсан худалдаа, хил нэвтрэх хөдөлгөөнөө зогсоох" зэргээр хариу арга хэмжээг аваад байна.
Харин Пакистаны тал хариуд нь Энэтхэгийн иргэдэд олгосон визийг хүчингүй болгож, агаарын орон зайгаа Энэтхэгийн нисэх онгоцнуудад хааж, Энэтхэгтэй хийж байсан худалдааг зогсоож, 1972 оны Симлагийн гэрээг түр зогсоосон байна.
Мөн хоёр орны хоорондын хилийн шугам болох “Line of Control” дагуу зэвсэгт мөргөлдөөн гарсан талаар ч олон улсын хэвлэлүүд мэдээлсэн байна.
Иймд олон улсын хамтын нийгэмлэг, түүний дотор НҮБ, АНУ зэрэг улс орнууд Энэтхэг, Пакистан улсуудад хандаж, тайван замаар асуудлыг шийдвэрлэхийг уриалж байна.
Эх сурвалж: Reuters