Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоонд түр хэлэлцээр байгуулах эсэх асуудал өнгөрөгч долоо хоногийн халуун сэдвүүдийн нэг байлаа. Тэгвэл тус холбоотой түр хэлэлцээр байгуулах нь Монгол Улсад үр ашигтай эсэх талаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш нар судалгаа хийсэн байна. Энэ талаар бид МУИС-ийн Бизнесийн сургуулийн профессор Н.Отгонсайхантай ярилцлаа.
ВИДЕО:
-Евразийн эдийн засгийн холбоотой түр хэлэлцээр хийхэд бидэнд тулгарч болох асуудлуудыг та бүхэн судалсан байна. Гол гол үр дүнгүүдээсээ хуваалцахгүй юу?
Энэ судалгааг манай багийнхан Монголын хүнсчдийн холбооны захиалгаар өнгөрөгч гуравдугаар сард хийсэн. Ер нь Евразийн эдийн засгийн холбоо нь 2014 оноос эхлэлтэй, одоогийн байдлаар Беларусь, Казакстан, Армен, Киргизстан, ОХУ гээд таван орон гишүүний статустай. 2014 оноос хойш 11 жил болох хугацаанд дээрх холбоо Сингапур, Иран зэрэг нийтдээ хоёроос гурван оронтой л чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан байна. Хамгийн сонирхолтой нь, Иран улстай яг манайтай хийж байгаа шиг түр хэлэлцээр байгуулаад өнгөрөгч 2024 онд хугацаа нь дуусч түр хэлэлцээрээ байнгын хэлэлцээр болгосон байгаа.
Тэгэхээр үнэн хэрэгтээ Евразийн эдийн засгийн холбоо байгуулагдаад 11 жил болоход яг чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан гурав, дөрөвхөн орон байна.
Одоо тав, зургаан оронтой хэлэлцээр байгуулахаар эхлүүлчихсэн явж байгаа бөгөөд тэдний нэг нь Монгол Улс байгаа юм.
-Евразийн эдийн засгийн холбоо гэдэг маань эдийн засгийн хувьд ямар онцлогтой юм бол?
-Евразийн холбооны таван улс нийлээд гаалийн холбоо байгуулсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл дээрх таван орон хоорондоо гаалийн тарифаа тэглэж, худалдааны бодлогоо нэгтгээд тарифын бодлогоо нэгтгээд бусад орнуудтай худалдаа хийхдээ нэг тариф хэрэглэдэг гэсэн үг. Монгол Улс анх Япон улстай түншлэл нэрээр ийм чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан. Энэ бол хоёр орны хооронд байгуулсан хэлэлцээр байсан. Гэтэл Евразийн эдийн засгийн холбоо гэдэг маань гаалийн холбоонд нэгдсэн таван оронтой бид чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах гэж буйгаараа онцлогтой.
-Энэхүү хэлэлцээрийг байгуулбал манай улсад ямар эдийн засгийн үр өгөөж ирэх вэ?
Евразийн эдийн засгийн холбоотой хоёр талаасаа 375, 375 барааны гаалийн тарифыг тэглэх хэлэлцээр хийгдэхээр байна. Монголын талаас 375 барааны гаалийн тарифыг хөнгөлж, чөлөөлж дээрх таван оронд гаргах, Евразийн холбооны таван орноос Монгол Улсад 375 нэр төрлийн барааны гаалийн тарифыг чөлөөлж импортолно гэдэг утгаараа ач холбогдолтой харагдаж байгаа юм. Нөгөөтэйгүүр таван орноос импорт орж ирнэ гэдгийг судалж үзэх зайлшгүй шаардлага байна.
Монгол Улс 2024 оны эцсийн байдлаар Евразийн холбооны улсуудад 110 орчим сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортлосон байна. Харин импортоор дээрх таван орноос 2.9 тэрбум орчим ам.долларын импорт орж ирсэн байгаа юм. Тэгэхээр энд худалдааны баланс ямар их алдагдаж байгааг харж болно. Бараг 2.8 тэрбумын алдагдал хүлээхээр байна гэсэн үг.
-МОНГОЛ УЛСААС ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБООНЫ ТАВАН УЛСАД ЭКСПОРТЛОХ БОЛОМЖТОЙ 38 НЭР ТӨРЛИЙН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН БАЙНА-
-Монгол Улс хоёр хөршийн бодлогыг тэнцвэртэй барьж, хойд хөршдөө зах зээлээ нээх нь зөв гэдэг байр суурь бас байна?
-Зах зээлээ нээж тэлэх нь зөв л дөө. Гэхдээ эхлээд Монгол Улсад 375 бүтээгдэхүүнийг экспортлох боломж байна уу, үгүй юу гэдгийг бид судалсан.
Өнөөдрийн нөхцөлд Монгол Улс 375 бараанаас дэлхийн зах зээл рүү 58 барааг л илүү экспортлох боломж харагдаад байсан. Түүнээс яг Евразийн эдийн засгийн холбоо руу ямар барааг экспортлох боломж байна уу гээд шүүсэн чинь 38 нэр төрлийн барааг л экспортлох боломжтой байгаа юм.
Энэ 38 нэр төрлийн барааны экспорт манайд нэмэгдэх боломж байсан гэсэн үг. Гэтэл импорт талдаа 375 бараанаас 276 барааг Монгол Улс импортлох боломж хамгийн өндөр байна гэж гарсан. Тэгэхээр эргээд энэ нөхцөл байдлаас харахаар экспортлох бараа бүтээгдэхүүний нэр төрөл цөөхөн, импортлох барааны нэр төрөл олон байгаад байдаг. Тэгэхээр энэ маань хуучин байсан худалдааны балансын алдагдлыг ахиад нэмэх юм биш үү гэсэн нөхцөл байдал ажиглагдаж байгаа юм.
-Энэ хэлэлцээрийг хийснээр экспорт, импорт хэд хэдэн хувиар нэмэгдэх боломжтой байгаа вэ?
Экспорт 3.8 орчим хувиар, импорт 4.7 орчим хувиар нэмэгдэх дүр зураг харагдсан. Экспорт импорт хоёр адил хэмжээгээр шахуу нэмэгдэх юм шиг харагдаж байгаа боловч суурь экспорт маань маш бага учраас ахиад худалдааны балансд эерэг нөлөөлөл авчрахгүй нь гэсэн дүгнэлтэд хүргэж байна.
-Манай улсаас экспортлох боломжтой ямар ямар бараанууд байна вэ?
Монгол Улсын экспортын боломжтой, хүлээлттэй хамгийн чухал бараа бүтээгдэхүүн бол нэхмэл, сүлжмэлийн салбарын бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн байна. Дээр нь уул уурхайн бүтээгдэхүүн байгаа. Манайх жонш, зэсийн баяжмалыг ОХУ руу гаргадаг.
-МАНАЙ УЛСААС ЭКСПОРТЛОХ ГУРВАН ТӨРЛИЙН БАРААН ДЭЭР Л ГААЛИЙН ТАТВАР ХАМГИЙН ӨНДӨР БУЮУ 15, 20, 25 ХУВЬТАЙ БАЙСАН-
-Эдийн засгийн байнгын хороон дээр Н.Гантөмөр сайд ярихдаа энэ хэлэлцээрийг хийснээр махаа асуудалгүй экспортлодог болно гэж ярьсан?
-Ялангуяа адууны махны экспорт хамгийн их нэмэгдэх дүр зураг харагдаж байна. Адууны махан дээр Евразийн эдийн засгийн холбооны гаалийн тариф 15 хувь. Зарим эх сурвалжийн мэдээллээс харахад Евразийн эдийн засгийн холбооны гаалийн тариф маш өндөр гэж яриад байгаа. Үнэн хэрэгтээ гаалийн тариф, нэмэгдсэн өртгийн албан татвар, хураамж гээд татварыг нь ялгаж харах хэрэгтэй. Евразийн эдийн засгийн түншлэлийн холбоотой хийж байгаа чөлөөт худалдааны хэлэлцээр маань өөрөө зөвхөн гаалийн тарифыг л хөнгөлөх чөлөөлөх асуудал ярьж байгаа. Тухайлбал ОХУ, Армен, Беларусь бол НӨАТ нь 20 хувь байдаг. Казакстан Киргизийн НӨАТ нь 12 хувьтай байдаг. Тэгэхээр яг энэ 375 барааны хувьд бараа бүтээгдэхүүнээ экспортлоход гаалийн тарифаас чөлөөлөгдөхөөс биш нэмүү өртгийн албан татвар нь хэвээрээ үлдэнэ. Гаалийн хураамж гэж байдаг. Энэ хураамж гэж бас байгаа. Евразийн эдийн засгийн холбооны гаалийн тариф нь ямар байна гээд аваад үзэхээр бараа бүхэн дээр ялгаатай татвартай. Манайхаас экспортлох боломжтой 375 бараанаас эхний арав дээр судалгаа хийж үзэхэд гурван бараан дээр л гаалийн татвар нь 15, 20, 25 хувийн татвартай байсан. Бусад нь тэг хувийн татвартай. Зарим нь 5 хувийн татвартай байсан. Тэгэхээр энэ гаалийн татвар бол тийм өндөр биш байна.
Адууны махны хувьд 15 хувийн гаалийн тарифыг нь тэглэх ийм нөхцөл ярихаар экспорт нэмэгдэнэ. Квотын хувьд хэлэлцээрээр яригдаж байгаа. Гэхдээ бидний нэг анхаарах зүйл юу байна гэхээр тарифын бус шаардлагууд гэж байдаг. Тарифын бус шаардлага гэдэг нь эрүүл ахуйн шаардлагууд ордог. Энэ техникийн шаардлагын асуудлууд бол хэлэлцээрт тусгагдахгүй. Хэлэлцээрээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх л асуудал яригдана гэхээс тариф шиг тавигдаад байгаа шаардлагыг нь бууруулах ч гэдэг юм уу тийм асуудал байдаггүй. Адууны махан дээр бол тарифын бус 38 шаардлага байна. Тэрнээс 33 нь эрүүл ахуйтай холбоотой шаардлагууд байна. Тэгэхээр адууны махыг тооцоолсон түвшинд нэмэгдүүлэхийн тулд юу хийх ёстой вэ гэвэл төрөөс, үйлдвэрлэл эрхлэгчдийн зүгээс эрүүл ахуйн шаардлага дээр нь илүү анхаарах хэрэгтэй байна.
-НЭХМЭЛ СҮЛЖМЭЛ БҮТЭЭГДЭХҮҮН ДЭЭР ГАРАЛ ҮҮСЛИЙН ШААРДЛАГЫГ ХАНГАХГҮЙ БАЙХ НӨХЦӨЛ АЖИГЛАГДСАН-
-Тэгвэл нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүн дээр ямар эрсдэл боломж байна вэ?
Нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүн дээр манайтай худалдаа хийдэг Сибирийн бүс нутагт ноос ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөвөр хонины ноосон оймс ч гэдэг юм уу ийм бүтээгдэхүүнүүдийг экспортлох боломж байгаа. Бидний судалгаагаар эдгээр бараанууд нэр төрөл бүр дээрээ 200-300 мянган ам.доллараар нэмэгдэх хандлага харагдаж байгаа. Гэхдээ яг одоо манайд гараад байгаа нэг нөхцөл бол тэмээний ноосон оймс ч юм уу, сарлагийн хөөврөн оймс ч гэдэг юм уу тэр оймсыг хуурамчаар үйлдвэрлэж оруулж ирэх тэрийгээ экспортлох хандлага байгаа учраас манай экспортын бүтээгдэхүүний нэр хүнд унах гэдэг ч юм уу гарал үүслийнх нь шаардлагыг хангахгүй байх нөхцөл ажиглагдаж байгаа. Ялангуяа нэхмэл сүлжмэлийн салбарт гарал үүслийн асуудал чухал байгаа. Өөрөөр хэлбэл Монгол Улсаас тухайн бараа бүтээгдэхүүний нэмэгдсэн өртгийнх нь төдөн хувь нь Монгол Улсад бий болж байж гадагшаа экспортолно гэсэн ийм дүрэм үйлчилдэг. Тэгэхээр үүнийг хангаж чадах эсэх нь мөн л үндэсний үйлдвэрлэгчид болон Төр Засгаас явуулж буй бодлогоос хамаарах юм.