Украин болон АНУ хоёр улс хамтран байгуулахаар төлөвлөж буй "ашигт малтмал олборлох" буюу газрын ховор элементийн гэрээнд өмнө нь Вашингтоны үзүүлсэн цэргийн болон эдийн засгийн тусламжийг тусгахгүй байхаар албан ёсоор тохиролцжээ. Энэ тухай Украины Ерөнхий сайд Денис Шмихал өөрийн олон нийтийн сүлжээнд мэдээлсэн байна.
Украины Ерөнхий сайд Денис Шмихалын тайлбарласнаар, "энэхүү тохиролцоон нь түүний Вашингтонд хийсэн айлчлалын үеэр, АНУ-ын Сангийн сайд Скотт Бессентэй уулзахдаа хүрсэн бөгөөд гэрээ нь Украины Үндсэн хууль болон Европын Холбоонд элсэх зорилготой нийцэх ёстой" гэж онцолжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өмнө нь Украинд үзүүлсэн тусламжийг тодорхой хэмжээгээр нөхөн төлүүлэх ёстой гэж мэдэгдэж байсан бөгөөд Цагаан ордноос гаргасан тайлбарт “хамтарсан ашигт малтмал олборлох гэрээ нь АНУ-ын санхүүгийн оролцоог нөхөх нэг арга байх ёстой” гэж тайлбарласан байдаг. Гэвч Украины Засгийн газар болон эдийн засгийн шинжээчид Вашингтоны тавьсан саналыг хэт нэг талыг барьсан гэж үзсэн бөгөөд, АНУ-ын тусламжийг үнэ төлбөргүй, нөхөн төлөхгүй гэж үзэх ёстой гэсэн байр суурийг баримталжээ. Мөн тусламжийг өр гэж үзэх нь Украины Европын Холбоонд элсэх явцад сөргөөр нөлөөлнө гэж шинжээчид анхааруулж байсан юм.
Эх сурвалж: BBC