"Starlink"-тэй өрсөлдөх “Куйпер” хэмээх хиймэл дагуулын интернэтийн төслөө Амазон компани эхлүүлжээ

"Starlink"-тэй өрсөлдөх “Куйпер” хэмээх хиймэл дагуулын интернэтийн төслөө Амазон компани эхлүүлжээ

Технологийн аварга Амазон компани SpaceX-ийн Starlink төсөлтэй өрсөлдөх “Куйпер” хэмээх хиймэл дагуулын интернэт хөтөлбөрийнхөө эхний дагуулуудыг амжилттай хөөргөжээ.

Тодруулбал, Америкийн “United Launch Alliance” компанийн Atlas V зөөгч пуужин нийт 27 ширхэг хиймэл дагуул тээвэрлэн дэлхийн нам тойрог замд амжилттай оруулсан байна. Эдгээр нь Куйпер төслийн анхны багц бөгөөд Амазон компанийн мэдээлснээр, нийт 3236 хиймэл дагуулыг ойрын жилүүдэд хөөргөхөөр төлөвлөж байгаа аж.

Уг төсөл нь дэлхийн өнцөг булан бүрт өндөр хурдны интернэт холболт хүргэх зорилготой бөгөөд холбогдоогүй бүс нутгуудад сүлжээ бий болгоно гэж найдаж байна.

SpaceX компани Starlink төслөөрөө энэ салбарт ноёрхож байгаа бөгөөд тэд анхны багц хиймэл дагуулуудаа 2019 онд хөөргөсөн. Өнөөдрийн байдлаар Starlink сүлжээ 6750 гаруй төхөөрөмжтэй, дэлхийн олон оронд интернэт үйлчилгээг худалдаалж эхлээд байна. Харин Амазоны хувьд энэ нь анхны томоохон алхам бөгөөд тус компани Куйпер төслөө 2026 он гэхэд бүрэн ажиллагаанд оруулахаар зорьж байгаа ажээ. 

Эх сурвалж: BBC