Tesla компани Э.Маскийн залгамжлагчийг хайж эхэлсэн талаар The Wall Street Journal мэдээлжээ

Tesla компани Э.Маскийн залгамжлагчийг хайж эхэлсэн талаар The Wall Street Journal мэдээлжээ

Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla компанийн захирлуудын зөвлөл гүйцэтгэх захирал Элон Маскийн залгамжлагчийг эрэлхийлж эхэлсэн тухай The Wall Street Journal мэдээлжээ. 

Эх сурвалжийн мэдээлснээр, Tesla-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс хэд хэдэн гүйцэтгэх захирлын ажлын байраар хангадаг компаниудтай холбогдож, И.Маскийн орлох боломжтой хүнийг хайж эхэлжээ. Энэ нь Элон Маск АНУ-ын Засгийн газрын үр ашигтай байдлын хэлтэст хэт их цаг зарцуулж, Tesla-д хангалттай анхаарал хандуулахгүй байгаа явдалтай холбоотой гэж мэдээлсэн байна. Иймд Tesla-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд энэхүү нөхцөл байдалд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.

Э.Маск АНУ-ын Засгийн газрын үр ашигтай байдлын хэлтэст ажиллах болсон нь Tesla компанийн хувьд амаргүй үеийн эхлэлтэй давхацсан. Тодруулбал, 4 дүгээр сарын 22-нд нийтэлсэн компанийн эхний улирлын санхүүгийн тайлангаар цэвэр ашиг нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 71 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна.

Энэхүү тайлан нийтлэгдсэн өдөр Э.Маск энэ сараас эхлэн АНУ-ын Засгийн газарт зарцуулж буй цагаа эрс багасгаж, үндсэн бизнесүүддээ илүү төвлөрөхөө амласан байна. 

Тэгвэл The Wall Street Journal-ийн нийтлэл гарсны дараа Э.Маск өөрийн X хуудсаараа дамжуулан уг мэдээллийг үгүйсгэж, “The Wall Street Journal сэтгүүл зүйг гутааж байна” хэмээн мэдэгдсэн байна. Харин одоогоор Tesla компанийн зүгээс албан ёсны тайлбар хийгээгүй байна.

Эх сурвалж: BBC