Хаврын чуулганаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэж байна. Тэгвэл дээрх хуулийн шинэчилсэн найруулгад судалгаа хийсэн МУИС-ийн Сэтгүүлзүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш Б.Баярмаатай ярилцлаа.
ВИДЕО:
-ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ БУС ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛООД ХУВИРЧИХСАН БАЙНА-
-Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзэж байна уу?
-Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль бол 1998 онд анх батлагдаж, тухайн цаг үедээ өөрийнхөө үүргийг гүйцэтгэсэн. Энэ хуулийг сүүлийн жилүүдэд өөрчлөх ёстой, шинэчлэх ёстой гэдэг олон санал зөвлөмжүүд гарч ирсэн. Одоо УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл бол арван хэд дэх төсөл нь болж байгаа. Яагаад энэ хуулийг өнөөдөр хэлэлцэх шаардлага гарч ирэв гэхээр сэтгүүлзүй өөрөө нийгмээ дагаад технологио дагаад маш хурдан өөрчлөгдөж байдаг учраас зарим зохицуулалтууд нь хуучирсан гэж судлаачид үзэж байгаа юм. Тэгээд ч дэлхий нийтээр үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийн нөхцөл байдал дордсоор байна. Монголын хувьд ч гэсэн хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтүүд сүүлийн арав гаруй жил уруудсаар ирсэн. Тийм учраас яах ёстой вэ гэдэг асуудал сэтгүүлчдийн дунд, олон нийтийн дунд, хууль тогтоогчдын дунд байна. Үүнтэй холбоотойгоор Хуульзүйн яамнаас шинэ хуулийн төсөл санаачилсан. Энэ бол цаг үеийн шаардлага мөн боловч судлаачийн хувьд аваад үзэх юм бол утга агуулга, концепцийн хувьд алдаа дутагдалтай асуудал их байгаа гэж үзсэн.
-Шинэ хуулийн төсөлтэй бүрэн танилцаж, судалгаа хийсэн хүний хувьд хэвлэлийн эрх чөлөөг хумьсан ч гэдэг юм уу анхаарах ёстой ямар зүйл заалтууд орсон байна вэ?
Хамгийн гол анхаарах ёстой зүйл нь энэ хууль чинь өөрөө яг ямар хууль юм бэ гэдэг асуудал. 1998 онд батлагдсан одоо хүчин төгөлдөр байгаа хууль бол “Хэвлэлийн эрх чөлөөний тухай” хууль. Хэвлэлийн эрх чөлөө гэж юу яриад байгаа юм гэхээр иргэн бүр, хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхтэй байх, үүнийг хамгаалахын тулд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөрөө Төрөөс ангид байх ёстой гэдэг ийм үзэл баримтлал, концепц байгаа.
Гэтэл энэ шинэ хуулийн төсөл дээр юу явж байна гэхээр үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг баталгаажуулахаас гадна Төр хэвлэл мэдээллийн хэрэгслийг хөгжүүлнэ гэдэг заалтууд байгаа. Өөрөөр хэлбэл, хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль гэхээсээ илүүтэй хэвлэл мэдээллийн хэрэгслийн хууль болоод хувирчихаж байна гэсэн үг.
Сэтгүүлч гэж хэн юм, редакци гэж хэн юм, яах ёстой юм, ямар хэлбэр хувилбаруудтай байх ёстой юм гээд нарийвчлан заагаад ирж байгаа нь сэтгүүлзүйн салбарын үйл ажиллагааны онцлогт бол тохирохгүй гэж дэлхий даяар үздэг. Яагаад ингэж үзэж байна гэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслийн өөрийнх нь онцлог бол олон нийтийн эрх ашгийн төлөө Төрийг хянах бичигдээгүй хуультай. Гэтэл Төр бол хэзээ ч хэвлэл мэдээллийн хэрэгслийг өөрийг нь хянаасай, асуудлыг нь ил гаргаасай гэж хүсдэггүй.
Тийм учраас Төр хэвлэл мэдээллийн хэрэгслийг байнга өөрийнхөө хяналтад байлгахыг хүсдэг ийм субьект. Тэгэхээр Төр хэвлэл мэдээллийн хэрэгслийг хөгжүүлнэ гэдэг манай орны нөхцөлд бол биелэшгүй зүйл юм.
-ТӨР БҮХ МЭДЭЭЛЛИЙГ ӨМЧЛӨХ ХАНДЛАГААС ЕРӨӨСӨӨ САЛЖ ӨГӨХГҮЙ БАЙНА-
-Дэлхийн улс орнуудад Төрийн эзэмшлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байдаг шүү дээ?
-Дэлхий даяар хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшлийн янз бүрийн хэлбэрүүд байдаг. Төрийнх гэж байгаа. Сайн засаглалтай байх юм бол Төр нь яагаад хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байж болохгүй гэж. Манайд бол засаглалын асуудал байгаа учраас Төр хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байх нь буруу гэж үзээд байгаа юм. Яагаад гэхээр Төр өөрөө бүх мэдээллийг өмчлөх хандлагатай байгаад байна. Иргэдийн үзэл бодлыг хааж боох янз бүрийн асуудлууд асар их гарах болсон. Тэгэхээр бид Төрд найдаад хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байлгах юм уу, үгүй юу гэдэг бол бас л асуудал. Өөрөөр хэлбэл 1998 онд Төр хэвлэл мэдээллийн хэрэгслийн харилцааны хоорондын нөхцөл байдал ямар байсан. Тэр үеэс нэг их өөрчлөгдөөгүй гэж үзэж байгаа юм.
-Тэгвэл энэ төвөгтэй асуудлыг шийдэх ямар гарц шийдэл харагдаж байна вэ?
-Судлаачид юу гэж үзэж байна гэхээр тухайн улс орны нийгэм эдийн засаг хөгжөөд иргэд нь, улстөрчид нь мэдээллийн боловсролтой болоод ёсзүйн хэм хэмжээ нь дээшлэх юм бол ямар мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргах юм, ямар мэдээллийг гаргахгүй юм гэдэг ойлголттой болдог. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ямар мэдээлэл төлбөртэй байх юм, ямар мэдээлэл төлбөргүй шууд явуулах боломжтой юм гэдгийг нийгмийн хэм хэмжээ, харилцаагаар зохицуулж өгдөг гэсэн үг. Ингээд ирвэл төрийн байгууллага, тэр улстөрч өөрөө ёсзүйтэй байх юм бол мөнгө төлж өөрийгөө рекламдах, хэн нэгэнд шантаажлуулах тийм зүйл хийхгүй болно. Нийтийн ухамсар, ёсзүйн хэм хэмжээнд л найдна гэсэн үг.
-Өдрөөс өдөрт сэтгүүлчдэд мэдээлэл олж авах боломж хумигдсаар байна. Бүх л яам тамгын газар, төрийн байгууллагууд дэргэдээ хэвлэл мэдээллийн албатай болж түүгээрээ дамжуулж даргын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл бэлтгэж хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгдөг, түгээдэг байдал газар авсаар байна. Энэ тал дээр хуулийн шинэчилсэн найруулгад ямар зохицуулалт туссан бол?
-Өнөөдөр төрийн байгууллагууд өөрсдөө мэдээллийг өмчилдөг сэтгэлгээ социалист системээс уламжлагдаад ирчихсэн байна. Манай сэтгүүлзүйн салбарын онцлог түүхийг нь аваад үзэх юм бол ерөөсөө анх чөлөөт сонингууд гараад л удалгүй социалист системдээ орчихсон. Дандаа Төрийн хяналтанд байж байгаад одоо чөлөөт сэтгүүлзүй рүү шилжих гээд хөгжлийн зам дээрээ явж байна.
Гэтэл төрийн байгууллагууд, төрд ажиллаж байсан хүмүүс төр энэ мэдээллийг хянах ёстой, мэдээлэл бол төрийн өмч гэдэг хандлага ерөөсөө огтоосоо арилж өгөхгүй байна.
Хоёрдугаарт гэх юм бол нийгэм даяар айдас хүйдэс бий болчихсон байна. “Би ингээд хэлчих юм бол дарга намайг ажлаас халчихаж магадгүй”, “Би ингээд хэлчих юм бол буруудчихаж магадгүй” гэдэг ч юм уу иргэн хүн өөрийнхөө байр суурь, үзэл бодлыг илэрхийлэх орон зай улам хумигдаж байна. Ажилтан даргаасаа заавал асуух ёстой гэдэг ч юм уу үзэл бодол, хандлага нийгэм дээр тогтсон байна.
Тухайлбал, төрийн албан хаагчдын ёсзүйн дүрэм дээр “Зөвхөн өөрийнхөө ажилтай холбоотой асуудлыг л хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярина. Түүнээс биш хувь хүний үзэл бодлоо ярих боломжийг нь хаасан” зохицуулалт байна. Тэр нь уламжлагдаж явсаар практик тогтох гээд байгаа нь маш буруу. Өөрөөр хэлбэл үзэл бодлоо илэрхийлэх, нийгмийн асуудлыг хэлэлцэх тэр боломжийг улам хумиад хаагаад байна гэсэн үг.
-СЭТГҮҮЛЧИД БИДНИЙГ ХАМГААЛААД ӨГӨӨЧ ГЭЖ ХЭЛЭЭГҮЙ-
-Та түрүүнд хэллээ. Хэвлэлийн эрх чөлөөний хууль бус хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зориулсан хууль болчихлоо гэж. Үүнийг ахиад жаахан дэлгэрүүлээд тайлбарлаад өгөхгүй юу?
-Ер нь бол сэтгүүлзүйн харилцаа өөрөө хүний үндсэн эрх дээр суурилдаг. Мэдээллийг олж авах, боловсруулах, түгээх гэдэг бол зөвхөн сэтгүүлчтэй холбоотой эрх биш. Хэрвээ иргэн хүн тэрийг биелүүлж чадаж байх юм бол сэтгүүлч ч гэсэн хийж чадаж байх ёстой гэдэг ойлголт байдаг.
Хуулийн шинэчилсэн найруулга дээр сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол ийм ийм байна гээд заалтууд ороод ирж байгаа юм. Тэгэхээр иргэдийн хүн бүрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх яаж хангагдах нь тодорхойгүй болно гэсэн үг. Фрийлансер чөлөөт сэтгүүлчид яах юм, чөлөөт уран бүтээлчид яах юм, инфлүүнсерүүд яах юм. Тэд үзэл бодлоо илэрхийлжээ гэхэд хамгаалагдахгүй юм уу гэдэг асуудал гарч ирж байгаа.
Энэ бол маш ноцтой асуудал. Сэтгүүлчид биднийг хамгаалаад өгөөч гэж хэлээгүй. Юу хүсч байна гэхээр ажлаа хуулийн дагуу хийх нөхцөл боломжийг нь бүрдүүлэхийг л хүсч байгаа. Угтаа энэ хууль чинь хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдэд зориулсан нарийвчилсан хууль болоод хувирчихаж байгаа нь хамгийн буруу зүйл юм.
-ХУУЛЬ ЁСНЫ ДАГУУ АШГАА ОЛООД ОЛОН НИЙТИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ДАВХАР ҮЙЛЧЛЭХ ӨВӨРМӨЦ ХАРИЛЦАА СЭТГҮҮЛЗҮЙН САЛБАРТ БАЙДАГ-
-Хуулийн шинэчилсэн найруулгаас анхаарал татаж байгаа нэг заалт бол 11.4 байсан. Редакциуд төлбөртэй, захиалгатай нэвтрүүлэг бэлдэж байгаа тохиолдолд заавал ард нь байгаа компани, аж ахуйн нэгж, эзнийг тодорхой дурдана гэсэн байсан. Энэ заалт дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Шинэ хуулийн найруулга, төсөл дээр хэвлэл мэдээллийн хэрэгслийн орлогын эх үүсвэр эдийн засгийн асуудалтай холбоотой нилээн нарийвчилсан заалтууд орж ирж байгаа. Тухайлбал, төлбөртэй нийтлэл нэвтрүүлэг бэлдсэн бол заавал хэн бэлдсэн юм бэ гэдгээ хэл гэж байгаа. Энэ бол үнэхээр ямар ч шаардлагагүй, практик дээр хэрэгжих боломжгүй зүйл. Зар сурталчилгааны тухай хууль дээр бол “төлбөртэй” гэдэг тэмдэг мэдээллийг нь тавь гээд заасан байдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өнөөдөр тэрийгээ хэрэгжүүлээд явж байгаа. Гэтэл яагаад заавал цаана нь байгаа хүний нэр усыг тавих ёстой юм бэ гэдэг асуудал гарч ирнэ.
Нөгөөтэйгүүр энэ нь хүмүүсийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдаж байгаа хэлбэр юм. “Би өнөөдөр нэрээ нууцлаад өөрийнхөө нөхцөл байдлыг хэлмээр байна. Миний эрх зөрчигдөөд байна гэж хэлмээр байна. Гэтэл заавал чи нэрээ хэл” гэх юм бол би хэлэхийг хүсэхгүй л болно. Энэ бол бас Төрийн цензурийн нэг хэлбэр болж хувирах шинжтэй байна.
Ер нь бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл эрэн сурвалжлах контент хийгээд идэвхтэй үйл ажиллагаа явуулаад ирэхээр татварын аргаар, санхүүгийн асуудал дээр нь бойкот хийдэг, тэрийг хуулийн асуудал болгож тавьдаг ийм нийтлэг цензур хязгаарлалт дэлхий даяар ихэсч байгаа. Үүний нэг хэлбэр болох болов уу гэсэн айдас байна.
-Шинэчилсэн найруулгын 12.1-т “Хэвлэл мэдээллийн хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх, хязгаарлалт тогтоох, үнэлгээ дүгнэлт гаргах, бүртгэхтэй холбогдсон харилцааг Өрсөлдөөний тухай хууль, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар зохицуулна” гэсэн заалт орж ирж байна. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслийг нэг талаасаа бизнес гэж хардаг. Нөгөө талаас олон нийтийн эрх ашгийг хамгаалдаг хүний эрхийн хамгаалагч гэж үздэг. Аль нь юм бэ гэдэг асуултыг тавиад байдаг. Тэгэхээр хоёулаа аль аль нь байдаг. Зарим хүн та нар хэвлэл мэдээллийн хэрэгсэл юм чинь “Мөнгөгүй шахуу ажилла” гэдэг зүйлийг тулгаж байхад нөгөө хэсэг нь “Та нар дандаа ашгийн төлөө явдаг” гэдэг хоёр хандлага байдаг.
Уг нь бол хууль ёсны дагуу ашгаа олоод олон нийтийн эрх ашгийн төлөө давхар үйлчлэх ёстой ийм өвөрмөц харилцаа сэтгүүлзүйн салбарт байдаг.
Тийм учраас танайх тендерт оролцвол ингэнэ тэгнэ гэдэг нарийвчилсан зохицуулалт шаардлагагүй гэж үзэх ёстой. Яг адилхан бизнес учраас бусад бизнесийн байгууллагуудад ямар шаардлага тавьж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мөн адил тийм шаардлага тавих хэрэгтэй гэсэн үг. Онцгойлж үзэх тийм шаардлага байхгүй гэж үздэг.