Хятадын Худалдааны яамны мэдээлснээр, "АНУ БНХАУ-тай худалдааны маргааны хүрээнд Ерөнхийлөгч Д.Трампын тогтоосон 145 хувийн импортын татварын асуудлаар хэлэлцээ хийх санал тавьсан" байна. Хятад улс энэхүү санаачилгыг нааштайгаар хүлээн авч, “манай үүд хаалга нээлттэй” хэмээн мэдэгдэж, хоёр талын зөрчлийг дипломат замаар шийдвэрлэх боломж үүсч болзошгүйг илтгэжээ.
Энэхүү мэдэгдэл нь АНУ, БНХАУ-ын хоорондын удаан үргэлжилсэн худалдааны дайн намжих магадлалтайг харуулж байгаа бөгөөд олон улсын зах зээл үүнд эерэгээр хандаж эхэлжээ. Д.Трампын засаг захиргаа БНХАУ-аас импортлох бараа бүтээгдэхүүнд өндөр тариф тогтоосноор хоёр улсын худалдааны харилцаа хямралд ороод байгаа юм.
Тэгвэл БНХАУ-ын Худалдааны яам мэдэгдэлдээ, “Бид АНУ-ын талын хэлэлцээ хийх саналыг хүлээн авсан. Бээжин хэлэлцээ хийхэд хэзээ ч бэлэн. Хоёр тал харилцан ашигтай, хүндлэлтэй байдлаар ойлголцох боломжтой гэж үзэж байна” хэмээжээ.
Харин одоогоор албан ёсны уулзалтын тов зарлагдаагүй байгаа ч эдийн засгийн шинжээчид энэ үйл явдлыг засгийн газрын түвшний өндөр хэмжээний хэлэлцээний эхлэл байж болзошгүй хэмээн дүгнэж байна. Хэлэлцээ амжилттай болбол тарифын дарамт буурч, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын орчинд эерэг нөлөө үзүүлэх хүлээлттэй байна.
Эх сурвалж: Reuters