Өнгөрсөн бямба гараг /2025.05.03/-т Бразилийн Рио-де-Жанейро хотын Копакабана далайн эрэгт болсон Леди Гагагийн үнэ төлбөргүй тоглолтын үеэр террорист халдлага үйлдэхээр төлөвлөсөн бүлэглэлийг тус улсын цагдаа нар таслан зогсоосон тухай мэдээлжээ. Энэхүү тоглолтыг хоёр сая гаруй хүн үзсэн байна.
Бразилийн Хууль зүйн яам болон Рио-де-Жанейро мужийн иргэний цагдаагийн газрууд хамтран ажилласны үр дүнд гэмт хэргийн сэжигтэн нэг хүн болон өсвөр насны охиныг баривчилсан байна. Тэд гар хийцийн тэсрэх бөмбөг ашиглан халдлага үйлдэхээр төлөвлөсөн байсан гэж цагдаа нар мэдэгджээ. Бразилийн цагдаагийн газрын мэдээлснээр "сэжигтнүүд олон нийтийн сүлжээгээр үзэн ядсан агуулгатай мэдээлэл түгээдэг байсан бөгөөд голчлон хүүхэд, өсвөр насныхан болон ЛГБТ нийгэмлэгийнхнийг онилсон" байжээ.
Гол зохион байгуулагчийг Рио Гранде-ду-Сул мужаас хууль бусаар галт зэвсэг хадгалсан үндэслэлээр баривчилсан бол өсвөр насны охиныг Рио хотод хүүхдийн садар самууныг харуулсан хэргээр саатуулжээ. Бразилийн эрх баригчид иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд үргэлжлүүлэн анхаарал тавьж, ийм төрлийн үйлдэлтэй хатуу тэмцэхээ илэрхийлсэн байна.
Эх сурвалж: BBC