Пап ламын дүртэй Д.Трампын зураг католик шашинтнуудын дургүйцлийг төрүүлжээ

Пап ламын дүртэй Д.Трампын зураг католик шашинтнуудын дургүйцлийг төрүүлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хиймэл оюун ухаанаар бүтээсэн, өөрийгөө Ромын Пап ламын дүрд хувиргасан зургийг өөрийн Truth Social платформ болон Цагаан ордны албан ёсны X хуудсаар дамжуулан нийтэлжээ. Уг зурагт Д.Трамп цагаан нөмрөг, малгай өмсөж, сэнтий дээр суусан байдалтай, хуруугаа өргөн, адис өгч буй мэт дүрслэгдсэн байна.

Энэхүү нийтлэл нь Ромын Пап Францис нас барсны дараах 9 хоногийн гашуудлын үеэр, шинэ Папыг сонгох конклав эхлэхээс хэдхэн хоногийн өмнө нийтлэгдсэн нь католик шашинтнуудын дургүйцлийг төрүүлжээ.

Тухайлбал,  Нью-Йорк мужийн Католик сүмийн конференц уг зургийг “доромжлол” хэмээн нэрлэж, “Энэ зурагт инээдтэй зүйл огт алга, Ерөнхийлөгч өө. Бид хайртай Пап Францисаа оршуулж, шинэ Папыг сонгох гэж байна. Биднийг бүү доогло” хэмээн мэдэгдсэн байна.

Нью-Йоркийн хамба лам Тимоти Долан, ерөнхийлөгч Д.Трампын ойрын холбоотон гэгддэг бөгөөд уг зургийг “сайнгүй” хэмээн тодорхойлж, “Тэр үүнд оролцоогүй байгаасай гэж найдаж байна” гэжээ. Харин Д.Трампын дэмжигчид уг зургийг хошигнол хэмээн үзэж байгаа бол шүүмжлэгчид үүнийг католик шашны ариун ёслолыг гутаасан үйлдэл гэж үзэж байна. 

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Левитт Д.Трампыг католик шашныг дэмжигч, шашны эрх чөлөөг хамгаалагч хэмээн тодорхойлж, түүний Пап Францисын оршуулгад оролцсон нь түүний хүндэтгэлийг илэрхийлсэн үйлдэл байсан гэж мэдэгдсэн байна. Энэхүү үйл явдал нь хиймэл оюун ухаанаар бүтээсэн дүрслэлүүдийн ёс зүйн асуудлыг дахин хөндөж, улс төр, шашин хоорондын эмзэг заагийг зөрчих эрсдлийг харуулж эхэлжээ. 

Эх сурвалж: BBC