ШУУРХАЙ: Энэтхэг улс Пакистан нутагт пуужингийн цохилт өгч, Энэтхэгийн хоёр онгоцыг Пакистаны тал буудаж унагасан гэж мэдэгдлээ

ШУУРХАЙ: Энэтхэг улс Пакистан нутагт пуужингийн цохилт өгч, Энэтхэгийн хоёр онгоцыг Пакистаны тал буудаж унагасан гэж мэдэгдлээ

Дөрөвдүгээр сарын 22 /2025.04.22/-ны өдөр Энэтхэгийн хяналтад байдаг Кашмирын Пахалгам хотод болсон террорист халдлагын улмаас Энэтхэг, Пакистан хоёр орны харилцаа огцом муудаад байсан юм. 

Тэгвэл өнөөдөр /2025.05.07/ Энэтхэгийн зэвсэгт хүчин Пакистан болон Пакистаны хяналттай Кашмирын гурван байршилд пуужингийн цохилт өгсөн талаар Пакистаны армийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Тус үйл явдлын дараа Кашмирын хилийн бүс нутагт хүчтэй их бууны гал, дэлбэрэлтийн дуу чимээ сонсогдож эхэлсэн талаар Reuters агентлаг мэдээлжээ. 

Харин өнөөдөр Энэтхэгийн зүгээс Пакистан болон Пакистаны хяналттай Кашмирын нутаг дэвсгэрт хийсэн пуужингийн цохилтын дараа Пакистаны армийн хэвлэлийн төлөөлөгч генерал Ахмед Шариф Чаудригийн мэдээлэл хийж, "Пакистаны агаарын хүчин Энэтхэгийн хоёр байлдааны онгоцыг буудаж унагасан бөгөөд манай бүх нисгэгчид амьд эргэн ирсэн" гэж мэдэгджээ.

Харин Энэтхэгийн тал Пакистаны дээрх мэдэгдлийг албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Энэтхэгийн Батлан хамгаалах яамны зүгээс “Operation Sindoor” нэртэй ажиллагааны хүрээнд Пакистан болон Пакистаны хяналттай Кашмир дахь есөн байршилд пуужингийн цохилт өгсөн бөгөөд эдгээр байршлууд нь террористуудын дэд бүтэцтэй холбоотой гэж мэдэгдээд байна.  Тэгвэл НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Энэтхэг, Пакистаныг тайван замаар асуудлыг шийдвэрлэхийг уриалж, цөмийн зэвсэгтэй хоёр улсын хоорондын зөрчил хурцдах нь бүс нутгийн болон дэлхийн аюулгүй байдалд ноцтой аюул учруулж болзошгүйг анхааруулаад байна. 

Эх сурвалж: BBC