УИХ-ын Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2025.05.07/ хуралдаанаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл, хоёрдугаарт, Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон УИХ-ын шийдвэрийн биелэлтийн тайлан, гуравт, ажлын хэсгийн хяналт шалгалтын үр дүнг үндэслэн Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Рэгдэл хэлэлцэх асуудлын дарааллыг өөрчилж, Байнгын хорооны тогтоолын төслийг эхэлж хэлэлцэх, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэхийг түр хойшлуулах санал гаргав. Эдгээр саналыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ. Байнгын хорооны хуралдаан эхлээд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажилд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хяналт шалгалтын үр дүнг үндэслэн Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, Г.Хосбаяр нар санал хэллээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Хосбаяр, орон нутагт ариун цэврийн байгууламжийн өмчлөлийг тодорхой болгох, ашиглалтын зардлыг тодорхой яаманд хариуцуулах санал хэллээ. УИХ-ын гишүүн Ч.Ундрам, байнгын хорооны ажлын хэсэг 4 аймгийн сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажилтай танилцаад ирсэн. Нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан учраас энэхүү хугацаатай чиглэл өгөх тухай тогтоолын төслийг хэлэлцэн яаралтай баталж, ажиллах шаардлагатай гэдгийг онцолсон. Санал хураалтад оролцсон гишүүдийн дийлэнх тус тогтоолын төслийг дэмжиж, Байнгын хорооны тогтоолын төсөл батлагдлаа. Түүний дараа Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон УИХ-ын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцэв. Тус тайланг Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр танилцуулсан. Тэрбээр, хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим санд бүртгэлтэй байгаа УИХ болон УИХ-ын байнгын хорооны тогтоолыг үнэлгээний ангиллаар авч үзэхэд 569 буюу 36.7 хувь нь “бүрэн хэрэгжсэн”, 390 буюу 25.2 хувь нь “хэрэгжих шатанд”, 224 буюу 14.5 хувь нь “хэрэгжилт хангалтгүй”, 196 буюу 12.6 хувь нь “хэрэгжээгүй” гэж дүгнэгдсэн байна. Харин хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй үндэслэлээр 170 заалт үнэлэх боломжгүй болно. Хэрэгжилт дунджаар 66.4 хувь байна.
Энэ нь өмнөх онтой харьцуулахад 3.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим санд бүртгэлтэй байгаа хуулийн нийт 481 заалтын 69 буюу 14.3 хувь нь хэрэгжээгүй, УИХ-ын тогтоолын нийт 624 заалтын 80 буюу 12.8 хувь нь хэрэгжээгүй, УИХ-ын байнгын хорооны тогтоолын нийт 445 заалтын 44 буюу 9.9 хувь нь хэрэгжээгүй бөгөөд Хууль, УИХ болон УИХ-ын байнгын хорооны тогтоолын нийт 1550 заалтын 193 буюу 12.5 хувь нь “хэрэгжээгүй” байна. Мэдээллийн цахим санд бүртгэлтэй байгаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гаргасан 4 тогтоолын 25 заалтын хэрэгжилт дунджаар 67.9 хувь буюу “хэрэгжих шатанд” байна. УИХ-ын тогтоол болон УИХ-ын байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт үүрэг чиглэл болгосон шийдвэр гарсан тухай бүр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлэхгүй байгаагаас зарим шийдвэрийг тухай бүр цахим системд хяналтад бүртгэх, боломжгүй байдал байсаар байна.
Холбогдох байгууллагууд хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг тайлагнахдаа өмнөх тайлант хугацааны биелэлттэй харьцуулан үзэж, хүрсэн үр дүнг тайлагнаагүй, утга агуулгын хувьд алдаатай тайлагнах, өмнөх оны хэрэгжилтийг хуулбарлан давтан тайлагнасан, өөрийн үнэлгээг бодитой үнэлээгүй зэрэг алдаа нийтлэг байна. Холбогдох хууль, тогтоомжоор үүрэг чиглэл өгсөн шийдвэрийн хэрэгжилтийг богино хугацаанд бүрэн хэрэгжүүлэхэд анхаарч, өөрийн эрхлэх асуудлын хүрээнд дотоод хяналтыг сайжруулах, УИХ-ын тогтоол болон УИХ-ын байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт үүрэг чиглэл болгосон шийдвэр гарсан тухай бүр шийдвэрийг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлж байх асуудлыг холбогдох газарт уламжилж шийдвэрлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнд үндэслэн бүрэн хэрэгжсэн, чиг үүрэгт хамааралгүй болсон, шийдвэр хүчингүй болсон, дахин шийдвэр гарсан, цаг хугацааны хувьд ач холбогдолгүй болсон зэрэг нийт 519 заалтыг Засгийн газрын “Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим систем”-ийн хяналтаас хасах үндэслэлтэй гэж дүгнэгдсэн бөгөөд хяналтаас хасах саналтай байна гэв.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Г. Дамдинням, төрийн эрх дээд байгууллага УИХ-ын батлан гаргасан хууль, тогтоол, шийдвэр бүрийн хэрэгжилтийг бүрэн хянаж, үнэлж, дүгнэж байх учиртай. Гэтэл 519 заалтыг Засгийн газрын “Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим систем”-ийн хяналтаас хасах үндэслэлтэй хэмээн дүгнэсэн байна. Энэхүү дүгнэлттэй санал нийлэхгүй учраас Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцэхийг түр хойшлуулах саналтай байна гэв. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус саналыг дэмжиж, хэлэлцэх асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаар боллоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.