АНУ-ын ерөнхийлөгч асан Жо Байден түрүү булчирхайн хорт хавдартай гэж оношлогджээ

АНУ-ын ерөнхийлөгч асан Жо Байден түрүү булчирхайн хорт хавдартай гэж оношлогджээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байден түрүү булчирхайн хорт хавдартай гэж оношлогдсон талаар өнгөрөгч ням гарагт мэдэгдсэн бөгөөд уг хавдар нь ясанд нь тархсан байна.

Тодруулбал, өнгөрөгч нэгдүгээр сард албан тушаалаасаа чөлөөлөгдсөн Жо Байден өнгөрсөн баасан гарагт түрүү булчирхайн хорт хавдраар оношлогджээ. Хорт хавдар нь өвчний илүү түрэмгий хэлбэр бөгөөд Глисоны оноогоор 10-аас 9 оноогоор тодорхойлогдсон байна. Энэ төрөл нь "хурц хэлбэр"-ийн ангилалд багтдаг бөгөөд хорт хавдрын эсүүд хурдан тархах боломжтой гэсэн үг аж. Одоогийн байдлаар Байден болон түүний гэр бүлийнхэн эмчилгээний сонголтуудыг судалж байгаа гэв. Хорт хавдар нь дааварт мэдрэмтгий тул түүнийг эмчлэх боломжтой гэж түүний ажлын алба нэмж мэдээлжээ. 

Уг асуудалтай холбогдуулан Ерөнхийлөгч Дональд Трамп "Truth Social" хуудсандаа Тэргүүн хатагтай Меланиа Трамптай хамт "Жо Байдены сүүлийн үеийн эмнэлгийн оношийг сонсоод харамсаж байна. Бид Жод хурдан эдгэрэхийг хүсэж байна” гэжээ.

Мөн Байдены удирдлаган дор ажиллаж байсан Дэд ерөнхийлөгч асан Камала Харрис нөхөр Даг Эмхоффын хамт "Жо бол тэмцэгч бөгөөд түүний амьдрал манлайллыг үргэлж тодорхойлж ирсэн учир хүч чадал, тэсвэр хатуужил, өөдрөг үзэлтэйгээр энэ сорилтыг даван туулах болно" гэж бичжээ. Түүнчлэн Кливленд клиникийн мэдээлснээр түрүү булчирхайн хорт хавдар нь арьсны хорт хавдрын дараа эрэгтэйчүүдэд тохиолддог хоёр дахь хамгийн түгээмэл хорт хавдар бөгөөд АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC) 100 эрэгтэй тутмын 13 нь амьдралынхаа аль нэг үед түрүү булчирхайн хорт хавдар тусдаг гэж мэдээлж байжээ. 

Эх сурвалж: BBC