АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-ын удирдагч В.Путинд хандан Украины эсрэг дайралтаа зогсоохын тулд хоёр долоо хоногийн хугацаа өгч, хэрэв шаардлагыг нь биелүүлэхгүй бол “өөр хариу арга хэмжээ авна” хэмээн анхааруулжээ.
Тодруулбал, Д.Трамп өчигдөр /2025.05.28/ Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр “Хоёр долоо хоногийн дараа би мэдэгдэл хийнэ. В.Путин биднийг товшсон /Америкийг сорьсон уу, өдөөн хатгасан уу/ эсэх нь тодорхой болно. Хэрэв тийм бол бид арай өөрөөр хариулах болно” гэж мэдэгджээ.
Түүний энэхүү мэдэгдэл ОХУ-ын тал Украины эсрэг дайралтаа эрчимжүүлж, хамгийн олон хүний аминд хүрсэн бөмбөгдөлтүүдийг эхлүүлсэнтэй давхцаж байгаа аж. Тухайлбал, зөвхөн өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд Украины нийслэл Киевт хийсэн цохилтын улмаас 13 хүн амиа алдаж, олон арван хүн шархадсан, тэдний дунд хүүхдүүд ч багтжээ.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд ОХУ-ын удирдагч В.Путиныг “галзуурсан” хэмээн нэрлэж, “галаар тоглож байна” гэж анхааруулсан бөгөөд энэ нь түүний ОХУ-ын талаарх байр суурь эрс өөрчлөгдсөн болохыг харуулж байгаа аж. Цагаан ордны албаны эх сурвалжуудын мэдээлснээр, Д.Трампын бухимдал нэмэгдэж байгаа нь Орос, Украины хооронд хэлэлцээ хийх оролдлогууд үр дүнгүй болж, Москва ямар ч тодорхой буулт хийгээгүйтэй холбоотой гэжээ.
Эх сурвалж: BBC