АНУ-ын худалдааны шүүх Д.Трампын тарифын нэмэгдлийг хүчингүй болгож, "Ерөнхийлөгч эрх мэдлээ хэтрүүлсэн” гэж дүгнэжээ

АНУ-ын худалдааны шүүх Д.Трампын тарифын нэмэгдлийг хүчингүй болгож, "Ерөнхийлөгч эрх мэдлээ хэтрүүлсэн” гэж дүгнэжээ

АНУ-ын олон улсын худалдааны шүүх Ерөнхийлөгч Д.Трампын Хятадад ногдуулсан тодорхой тарифуудыг хууль бус хэмээн үзэж, тэдгээрийг хүчингүй болгох шийдвэр гаргажээ. Шүүхийн дүгнэлтээр Д.Трамп “ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээгээ давсан” гэж үзжээ.

Шүүхийн тайлбарт, “Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын нэрийн өмнөөс авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд хууль зүйн хязгаарыг давсан. Гүйцэтгэх засаглал Конгрессоос олгогдоогүй эрх мэдлийг ашигласан байна” гэжээ.

Тэгвэл АНУ-ын шүүхийн энэхүү шийдвэр нь Хятадаас импортолж буй ган, хөнгөн цагаан зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний гаалийн нэмэлт татварыг цуцлахад хүргэж магадгүй байгаа аж. Энэ нь эдгээр бараа бүтээгдэхүүн дээр тулгуурладаг Америкийн компаниудын хувьд зардлаа бууруулах боломжийг олгож байгаа аж. Түүнчлэн уг шийдвэр нь АНУ-Хятадын худалдааны харилцааны талаарх хэлэлцээрүүдэд шинэ уур амьсгал авчрах боломжтой гэж шинжээчид үзэж байна.

Харин шүүхийн шийдвэр нь Д.Трампын худалдааны хатуу бодлогыг шүүмжилдэг ардчилсан намын төлөөлөгчид болон бизнесийн байгууллагуудаас дэмжлэг хүлээж байгаа бол Д.Трампын талын зарим улс төрчид шүүхийн дүгнэлтийг “үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна” гэж шүүмжилжээ.

АНУ-ын олон улсын худалдааны шүүхийн тус шийдвэр эцсийн шийдвэр биш бөгөөд Холбооны давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах боломжтой аж. Хэрвээ шийдвэр баталгаажвал Д.Трампын худалдааны бодлогын хэд хэдэн гол үндэслэл албан ёсоор хүчингүй болж, ерөнхийлөгчийн гүйцэтгэх бүрэн эрхийг хязгаарласан жишиг болох магадлалтай байгаа ажээ. 

Эх сурвалж: BBC