"Крымын гүүрний тулгуурууд 1100 кг тэсрэх бодист өртөж ноцтой эвдэрсэн" гэж Украины тал мэдэгджээ

"Крымын гүүрний тулгуурууд 1100 кг тэсрэх бодист өртөж ноцтой эвдэрсэн" гэж Украины тал мэдэгджээ

Украйны Аюулгүй байдлын албанаас Крымын гүүрний усан доорх тулгуурын “доод түвшинд ноцтой эвдэрсэн” талаар мэдэгджээ. Тус албаны мэдээлснээр, энэ удаагийн эвдрэлд 1100 килограмм тэсрэх бодистой тэнцэх хэмжээний дэлбэрэлт нөлөөлсөн байна.

Крымын гүүрний нөхцөл байдал, эвдрэлийн нарийвчилсан хэмжээний талаар ОХУ-ын эрх баригчдаас хараахан тайлбар хийгдээгүй байгаа ч, гүүр түр хугацаанд хаагдсан тухай мэдээлэл цацагджээ. Харин ОХУ-ын тал “Крымын эрэгт дайсны үйл ажиллагаатай зэрэгцэн мэдээллийн дайралт өрнөж байна” хэмээн мэдэгдсэн нь Украины талыг илтгэн буруутгасан байр суурь хэмээн хэвлэлүүд үзэж байна. Учир нь жнэ тухай мэдэгдлийг Оросын тал хоёр дахь удаагаа хийж буй нь анхаарал татаж байгаа аж.

Украины Аюулгүй байдлын албаны дарга Василий Малюк уг үйл явдлын талаар “Манай тусгай алба төлөвлөсөн зүйлээ үргэлж эцэс хүртэл хийдэг. Хэзээ ч давтагддаггүй” хэмээн мэдэгджээ. Энэ нь Украйны Аюулгүй байдлын албаны шинэ ажиллагаа нь дахин давтагдашгүй, шинэ арга барилаар хийгдсэн болохыг илэрхийлж буй бололтой.

Украин өмнө нь Крымын гүүр рүү хоёр удаа довтолсон бөгөөд энэ нь стратегийн хувьд чухал дэд бүтцэд чиглэсэн довтолгоо юм. Крымын гүүр нь Оросын эх газар болон 2014 онд эзлэгдсэн Крымын хойгийг холбодог цорын ганц зам гүүр юм. Энэхүү гүүр нь ОХУ-ын хувьд цэргийн болон эдийн засгийн чухал логистикийн шугамд тооцогддог.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө