"АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Украины нисгэгчгүй онгоцуудын Оросын агаарын баазуудад өгсөн халдлагын талаар урьдчилж мэдээгүй" гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Ливитт мэдэгджээ.
Тодруулбал, энэ сарын 1-нд Украины тал Оросын стратегийн болон алсын тусгалын нисэх хүчний баазууд руу цуврал цохилт өгч 11 гаруй нисэх онгоц сүйрч, гэмтсэн гэж BBC агентлаг мэдээлсэн. Харин Украины Аюулгүй байдлын алба энэхүү ажиллагааны үр дүнд Оросын далавчит пуужин тээгч онгоцны гуравны нэгээс илүүг устгасан гэж мэдэгдсэн юм.
Эдгээр онгоц нь Украин руу пуужингийн цохилт өгөхөд ашиглагддаг стратегийн чадавх бүхий зэвсгийн систем байжээ.
Уг халдлага нь Украины нисгэгчгүй онгоцны ажиллагаа улам боловсронгуй болж, Оросын гүн дэх стратегийн цэгүүдэд цохилт өгөх чадамж нэмэгдсэнийг харуулж байна. Мөн энэ нь Оросын агаарын давуу байдалд өгсөн томоохон цохилт гэж шинжээчид үзэж байна.
Эх сурвалж: BBC