Цол, чимэг олгох "Бүх цэргийн наадам"-д 256 бөх зодоглож байна

Цол, чимэг олгох "Бүх цэргийн наадам"-д 256 бөх зодоглож байна

Монголын үндэсний бөхийн холбоо, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабаас зохион байгуулдаг цол, чимэг олгох “Бүх цэргийн наадам” өнөөдөр болно.

1992 оноос эхлэлтэй тус барилдаанд МҮБХ-ны албан ёсны чансааны дагуу аймаг, цэргийн арслан цолтой 100 бөхөөр магнайлуулсан хүчит 256 бөх зодоглох юм. Бөхийн холбооноос оролцох бөхчүүдэд хязгаарлалт тогтоосон бөгөөд ингэхдээ аймаг, цэргийн арслан 100, заан 25, харцага 13, начин 60, сумын цолтон болон залуу бөх 48 барилдах боломжтой аж. Хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцох боломжгүй бөхийн оронд тухайн цолны дараагийн чансааны бөх нөхөн зодоглох юм байна.

Тэгвэл өчигдрийн байдлаар Монголын үндэсний бөхийн холбооноос 246 бөхийн нэрийг зарласан. Харин эрүүл мэнд болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар чансааны оноо цуглуулаагүй бөхчүүдийн ирүүлсэн баримт материалыг нягтлан шалгасны үндсэн дээр үлдсэн 10 бөхийн нэрийг зарлах юм. Барилдаан 11:00 цагт Монгол бөхийн өргөөнд эхлээд байна.