Х.Цэндсүрэн: Зуны амралт эхэлж хүүүхдүүдийн дэлгэцийн хэт хамаарал ихэссэнээр гэмт хэргийн хохирогч болох, цахим тоглоомд донтох зэрэг эрсдэл дагуулж байна

Х.Цэндсүрэн: Зуны амралт эхэлж хүүүхдүүдийн дэлгэцийн хэт хамаарал ихэссэнээр гэмт хэргийн хохирогч болох, цахим тоглоомд донтох зэрэг эрсдэл дагуулж байна

Дэлгэцийн хэт хамаарлыг дагах олон сөрөг нөлөөллөөс хүүхдээ хамгаалах, зөв зохистой хэрэглээг хэвшүүлэх нь эцэг,  эхчүүдийн хувьд тулгамдсан шаардлага болоод байна. Хичээл сургууль амрах үед хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээ нэмэгддэг. Тэгвэл дэлгэцийн хэт их хэрэглээ болон түүний сөрөг үр дагавар, авах арга хэмжээний талаар СЭМҮТ-ийн хүүхэд өсвөр үеийн клиникийн эмч Х.Цэндсүрэнтэй ярилцлаа.

ВИДЕО:             

 -ДЭЛГЭЦИЙН ДОНТОЛТ БОЛ ЭМГЭГ-

-Дэлгэцийн хэт хамаарал нь хүүхдэд үзүүлэх сөрөг нөлөө их гэдгийг бүгд ойлгодог. Гэхдээ урьдчилан сэргийлж чадахгүй хэвээр байна. Ер нь хүүхдийн дэлгэцийн хамаарал манай улсад ямар түвшинд байна вэ?

-Дэлгэцийн хэрэглээ нь бидний өдөр тутмын хэрэглээ болсон. Гэхдээ дэлгэцийн хэрэглээнд хэт их цаг зарцуулж, өдөр тутмын үйл ажиллагаа, амьдралын хэмнэл алдагдах, өөрийгөө хянах чадваргүй болдог эмгэгийг “дэлгэцийн донтолт” гэнэ. ДЭМБ-аас хүүхдийн насны онцлогт тохируулж дэлгэц үзэх цагийг нарийн зааж өгсөн байдаг. Дэлгэцийн хэт их хамаарал, хэрэглээг дагаж өсвөр насны охид гэмт хэргийн хохирогч болох, хөвгүүд цахим тоглоомонд донтох зэрэг хам шинж дагуулж байгаа нь анхаарах ёстой асуудал болоод байна.

-Хичээл, сургууль амарчихлаа. Хүссэн хүсээгүй хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээ нэмэгдэх болов уу?

-Хичээл амарчихсан энэ үед сурагчдад өдөр тутамд утасны хэрэглээ нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Охидын хувьд дэлгэцийн хэрэглээ нь Инстаграм, Фейсбүүк, ТикТок байдаг бол хөвгүүдийн хувьд авхаалж самбаа шаардсан тоглоом байдаг. Дэлгэцийн хэрэглээ гэдэг маш олон зүйлийг агуулсан өргөн ойлголт. Гэхдээ өсвөр насны охид сэтгэлзүйн хувьд тогтворгүй байх үедээ ярилцах хэрэгцээгээ хангах гэж цахимаар хүнтэй танилцах, гэмт хэргийн хохирогч болох тохиолдол байна. Харин өсвөр насны хөвгүүд цахим мөрийтэй тоглоомд донтож, бооцоо тавих зэргээр гэмт хэргийн хохирогч болж байгаа юм. Иймд эцэг эхчүүд зуны амралт эхэлсэн энэ үед хүүхдийнхээ цахим хэрэглээг заавал хянах, анхаарах шаардлагатай. Мөн ээж, аавууд өөрсдөө цахим хэрэглээгээ зөв зохистой хэрэглэж, сайн үлгэр дуурайлал үзүүлэх хэрэгтэй.

“ДОЛОО ХОНОГИЙН ХУГАЦААНД ГЭХЭД ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫН ХАМААРАЛТАЙ БОЛСОН ХОЁР ХҮҮХЭД ИРЭВ”

-Дэлгэцийн донтолттой холбоотойгоор СЭМҮТ-ийн хүүхдийн тасгаар өдөрт хэчнээн хүүхэд үйлчлүүлдэг вэ? 

-Манай эмнэлэгээр үйлчлүүлдэг хүүхдийн тоогоор уг асуудлыг хэмжих боломжгүй. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой үзүүлэх, зөвлөгөө авах тохиолдол ч бий. Харин сүүлийн үед өсвөр насны хөвгүүд цахим мөрийтэй тоглоомны хамааралтай болсон кейс их ирж байна. Эхлээд сонирхох байдлаар тоглож байгаад мөнгө олох зорилготой болдог. Мөнгө олохын тулд хамаатан саднаасаа худлаа хэлж авах, эцэг эхийнхээ регистерийн дугаарыг ашиглаж аппликейшнээс зээл авч тоглосон тохиолдлууд ч ирсэн. Өсвөр насны хүүхдүүд аливаа зүйлд шүүлтүүртэй хандах, анализ хийх чадвар мэдээж бага. Зөвхөн над дээр гэхэд сүүлийн долоо хоногийн хугацаанд гэхэд цахим мөрийтэй тоглоомын хамааралтай болсон хоёр хүүхэд ирж зөвлөгөө авсан байна.

-Дэлгэцийн донтолт, цахим тоглоомд донтох зэрэгт мэргэжлийн хүнд хандах нь хамгийн чухал байх?

-Тийм ээ. Эцэг эхчүүд мэргэжлийн хүнд хандаж, зөвлөгөө авах ёстой. Хүүхдийн сэтгэл зүйн байдал ямар байгаагаас шалтгаалж, сэтгэлзүйн эмчилгээ харилцан адилгүй байдаг. Гэхдээ эмчилгээний үед ар гэр бүлийн дэмжлэг хамгийн чухал.

-Өсвөр насны хүүхдүүдийн дэлгэцийн хэт их хамаарал нь цахим тоглоом, гэмт хэргийн хохирогч болох зэрэг хам шинж дагуулж байгаа талаар та их дурдлаа. Гэхдээ нас сэтгэхүйн онцлогоос шалтгаалж үзүүлэх сөрөг нөлөөлөл харилцан адилгүй байх?

-Дэлгэцийн хэт их хэрэглээ нь танин мэдэхүй, сэтгэл хөдлөл, зан авир зэрэгт өөрчлөлт үзүүлдэг. Танин мэдэхүйн талаас гарах өөрчлөлтөд хүүхдийн анхаарал муудах, хичээл сурлага хоцрогдох, мартамхай болох зэргийг дурдаж болно. Харин сэтгэл хөдлөлд үзүүлэх сөрөг нөлөөлөлд түгшимтгий айдастай болох, сэтгэл хөдлөл тогтворгүй, уур бухимдалтай болох зэрэг багтана. Зан авирын талаас гэдэг нь хүчирхийлэл үйлдэж байгаа үйлдлийг ойлгож болно. Жишээлбэл, хүүхдийн утас дэлгэцийг авахад цохих, юм хагалах, шидэх зэргийг багтааж ойлгож болно. Дээр дурдсан зан авирын өөрчлөлт гарч эхэлбэл, мэргэжлийн хүнд хандах хэрэгтэй.

-0-2 НАСНЫ ХҮҮХДЭД ДЭЛГЭЦИЙН ХЭРЭГЛЭЭ ОГТ БАЙХ ЁСГҮЙ-

-Хүүхэд өдөрт нийт хэдэн цагийг дэлгэцийн хэрэглээнд зарцуулж болох вэ?

-ДЭМБ 0-2 насны хүүхдэд дэлгэцийн хэрэглээ огт байх ёсгүй гэж үздэг. Энэ бол хүүхдийн хөгжлийн чухал үе шат.

Хүүхдийн хэл яриа, танин мэдэхүй, харилцаа, нийгмийн хөгжил эрчимтэй явагдаж байдаг. Харин 3-6 насанд 1-1,5 цаг, 6-12 насанд 1,5-2 цаг, 13-18 насанд 2-2,5 цагийг дэлгэцийн хэрэглээнд зарцуулах нь тохиромжтой гэж үздэг.

Гэхдээ хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон контент үзүүлэх нь зөв. Дэлгэцийн хэт их хэрэглээгээс үүдэлтэй сөрөг нөлөөлөл нь хүүхдийн нас сэтгэхүйн онцлогоос хамаарч харилцан адилгүй илэрдэг. Бага насны хүүхэд уйлж, бухимдах авир гаргадаг. Харин өсвөр насны хүүхдүүд гэр бүл рүүгээ чиглэсэн зан авирын өөрчлөлт гаргадаг. Улмаар гэр бүлээсээ дайжих, сургуульдаа явахаа ч больж болно.

-Хүүхдийг дэлгэцийн хамааралтай болгохгүйн тулд юун дээр яаж анхаарах ёстой вэ. Эцэг эхчүүдэд юу гэж зөвлөх вэ?

-Эцэг эхчүүд дэлгэцийн хэт хэрэглээ хамаарал нь ямар сөрөг нөлөө дагуулж болох талаар хүүхдүүдтэйгээ нээлттэй ярилцах хэрэгтэй. Мэдлэг, ойлголттой байгаа хүүхэд эрсдэлд орохгүй гэсэн үг. Мөн сонирхсон зүйлгүй, хоббигүй байх нь ч эрсдэлийг дагуулж байгаа. Иймд эцэг эхчүүд хүүхдийнхээ сонирхлыг дэмжиж, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх боломжоор хангах хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.