Европын зөвлөл болон Украин хамтарч "ОХУ-ын түрэмгийллийн эсрэг тусгай шүүх байгуулах" гэрээнд гарын үсэг зуржээ

Европын зөвлөл болон Украин хамтарч "ОХУ-ын түрэмгийллийн эсрэг тусгай шүүх байгуулах" гэрээнд гарын үсэг зуржээ

Европын Зөвлөл болон Украин улс Оросын Украины эсрэг явуулсан зэвсэгт түрэмгийллийг хянан шийдвэрлэх зорилгоор тусгай шүүх байгуулах гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ шүүх нь Оросын дээд түвшний улс төр, цэргийн удирдлагуудын хариуцлагыг хүлээлгэх анхны алхам болж байгаа талаар BBC агентлаг мэдээлжээ.

Гэрээнд Европын Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга А.Берсет болон Украины Ерөнхийлөгч В.Зеленский нар Страсбург хотноо албан ёсоор гарын үсэг зуржээ. Энэхүү үйл явдал нь НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын дараа болсон бөгөөд олон улсын хууль, шударга ёсны зарчмыг дахин тодотгож буй үйлдэл гэж шинжээчид үзэж байна.

“Дайны гэмт хэрэг үйлдсэн хэн ч шударга ёс байдаг гэдгийг ойлгох ёстой. Энэ нь ОХУ-д ч хамаарна” хэмээн В.Зеленский гарын үсэг зурсныхаа дараа мэдэгдсэн байна.

Энэхүү тусгай шүүх нь НҮБ-ын тодорхойлсноор “өөр улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, улс төрийн хараат бус байдлын эсрэг зэвсэгт хүч хэрэглэсэн үйлдэл” буюу түрэмгийллийн гэмт хэргийг хэлэлцэх аж. Улмаар шүүх нь ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Ерөнхий сайд М.Мишустин, Гадаад хэргийн сайд С.Лавров зэрэг эрх мэдэлтнүүдийг зорилтот болгож байгаа ч, тэдгээр албан тушаалтнууд үүрэгт ажлаа орхисны дараа л шүүх ажиллагаа эхлэх боломжтой аж.

Эх сурвалж: BBC