Лос-Анжелес хотын цагдаагийн газар жүжигчин Брэд Питтийн өмч байж болзошгүй харш руу гурван этгээд нэвтэрч, хулгай хийсэн талаар мэдээлжээ.
Цагдаагийн албаны эх сурвалжуудын мэдээлснээр сэжигтнүүд уг харшийн хашаа даван, цонхоор орж байшин дотор нэвтэрсэн байна. Хэдийгээр эрх баригчид уг үл хөдлөх хөрөнгө нь Брэд Питтийн албан ёсны өмч гэж батлаагүй ч, байшингийн хаяг нь жүжигчин 2023 онд худалдан авсан үл хөдлөхийн хаягтай давхцаж байгаа аж.
Сэжигтнүүд хэргийн газраас хулгайлсан эд зүйлсээ авч зугтсан бөгөөд яг юу алдагдсан нь одоогоор тодорхойгүй байгаа ажээ. АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр "хулгайн гэмт хэрэг үйлдэгдэх үед жүжигчин Брэд Питт байшинд байгаагүй бөгөөд тэрээр тухайн үед Их Британид ажлын шугамаар явж байжээ". Лос-Анжелесийн цагдаагийн газар уг хэрэгт холбогдуулан мөрдөн байцаалт эхлүүлсэн бөгөөд сэжигтнүүдийн мөрөөр ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: BBC