Б.Нетаньяху, Д.Трамптай хоёр дахь удаагаа уулзаж, "ХАМАС-ын чадавхийг бүрэн устгах шаардлагатай байна" гэж мэдэгджээ

Б.Нетаньяху, Д.Трамптай хоёр дахь удаагаа уулзаж, "ХАМАС-ын чадавхийг бүрэн устгах шаардлагатай байна" гэж мэдэгджээ

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мягмар гараг /2025.07.08/-ийн орой АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай хоёр дахь удаагаа Цагаан ордонд уулзсан байна. Хоёр талын уулзалт хаалттай орчинд болж, хэлэлцсэн сэдвийн дэлгэрэнгүйг хэвлэлд ил болоогүй байна.

Энэ нь Д.Трамп дахин засгийн эрхэнд гарснаас хойш Б.Нетаньяхугийн Вашингтонд хийж буй гурав дахь айлчлал бөгөөд тэд өмнөх өдөр буюу даваа гарагт оройн зоог барьж, хэдэн цагийг хамт өнгөрүүлжээ. 

Мягмар гарагт Израилийн Ерөнхий сайд АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Д.Вэнс, Бүгд Найрамдах намын Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон нартай уулзсан байна. М.Жонсонтой хийсэн уулзалтын дараа тэрээр Газын зурваст хийж буй Израилийн цэргийн ажиллагаа хараахан дуусаагүй ч, гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд тодорхой ахиц гарч байгааг онцолжээ.

Б.Нетаньяху, “Бид Газын зурвас дахь ажлаа дуусгах, барьцаалагдсан бүх хүмүүсийг суллах, ХАМАС-ын цэрэг, захиргааны чадавхийг бүрэн устгах шаардлагатай хэвээр байна” гэж мэдэгджээ.

Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Виткофф сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, Израиль болон ХАМАС хоорондын шууд бус хэлэлцээнд маргаантай дөрвөн гол асуудлын гурав дээр тохиролцоонд хүрсэн бөгөөд энэ долоо хоногт 60 хоногийн гал зогсоох хэлэлцээр байгуулагдаж магадгүй гэжээ. Гэвч энэхүү хэлэлцээрийн зуучлагчийн үүргийг гүйцэтгэж буй Катарын төлөөлөгчид илүү болгоомжтой байр суурь илэрхийлж, “Бидэнд цаг хугацаа хэрэгтэй болно” хэмээн мэдэгдсэн нь хэлэлцээний явц тийм ч таатай биш байгааг илтгэжээ.

Эх сурвалж: BBC