АИ 92 шатахууны үнэ энэ сарын 20-оос дахин 50 төгрөгөөр буурна

АИ 92 шатахууны үнэ энэ сарын 20-оос дахин 50 төгрөгөөр буурна

Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ шинэ он гарснаас хойш хоёр дахин хямдраад байна. Манай импортлогчдын ОХУ-ын “Роснефть” компаниас шатахуун худалдан авах үнэ тогтоохдоо жишиг болгодог “Brent” маркийн газрын тосны ханш өчигдөр баррель нь 32 ам.доллартой тэнцэж байв. Нефтийн үнэ хямдарсантай холбогдуулан Засгийн газраас өнгөрсөн сард энэ сарын 15-наас шатахууны үнийг литр тутамд нь 300-400 төгрөгөөр хямдруулна гэж мэдэгдсэн билээ.

Импортлогч компаниудын энэ сарын шатахуун тээвэрлэгдэн ирсэн өдрөөс эхлэн үнэ буулгах үүрэг чиглэл Ашигт малтмал, газрын тосны газраас өгчээ. Энэ дагуу өнгөрсөн өдрүүдэд шатахуун түгээх станцууд бүтээгдэхүүнийхээ үнийг хямдрууллаа. Импортлогчид өргөн хэрэглээний АИ-92 төрлийн шатахууны үнийг 300 төгрөгөөр бууруулсан байна. Уг төрлийн шатахууны үнийг ирэх 20-ноос дахин 50 төгрөгөөр бууруулна гэж Ашигт малтмал, газрын тосны газрынхан мэдээлэв. Ингэснээр энэ төрлийн шатахууны үнэ хамгийн өндөр дүнгээр хямдрах аж. Өчигдрийн байдлаар А-80 маркийн шатахууны үнийг түгээх станцууд дунджаар 1720-оос 1700, АИ-92-ыг 1795-аас 1495, дизель түлшийг 2470-аас 2165 төгрөг хүртэл хямдруулан, худалдаж эхэллээ.

Газрын тосны үнэ хямдарснаар ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй шатахууны энэ сарын хилийн үнэ өмнөх сарынхаасаа бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамд 197-209 ам.доллароор буурсан аж. Тухайлбал, АИ-92 маркийн шатахууны үнэ тонн нь 360, дизель түлшнийх 369 ам.долларт хүрсэн байна.