Э.Баатарцогт: 1072 хувьцааны ногдол ашиг хэвийн олгогдож эхэлсэн

Э.Баатарцогт: 1072 хувьцааны ногдол ашиг хэвийн олгогдож эхэлсэн

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болох 90.000 төгрөгийг энэ сарын 1-ны өдрөөс буюу өчигдрөөс тараана гэсэн албан ёсны мэдээлэл байсан. Иргэдийн хувьд ногдол ашгийн мөнгө данс руу нь ороогүй тухай, хэзээнээс орж эхлэх талаар асууж, сурагласаар байна. Энэ талаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа мэдээллийн төвийн албаны менежер Э.Баатарцогтоос тодрууллаа.

-1072 хувьцааны ногдол ашиг болох 90.000 төгрөг /татвар хасаад 81 мянган төгрөг/ өнөөдрөөс эхлэн иргэдийн данс руу орох ёстой. Гэтэл орохгүй байна. Ногдол ашиг тараах ажлын үйл явц хэр байна?

-Иргэдийн данс руу өнөөдрөөс эхлээд орж эхэлсэн. Данс нь баталгаажсан иргэдийн данс руу орж байгаа юм. Данс нь баталгаажсан 300 гаруй мянган иргэн байна. Эхнээсээ тэдний данс руу ороод эхэлсэн байх. Брокерын компанид нээлгэсэн дансыг баталгаажсан данс гэж үзээд байгаа шүү дээ.

-Иргэдийн данс руу яг ямар зохион байгуулалтаар орох вэ. Хэзээ орж дуусах уу?

-Монгол банкнаас багц гүйлгээ хийнэ. Харилцдаг банкнаасаа цааш нь шилжигдэнэ. Нэг дэхь өдөр гэхэд бүх ажил жигдрээд явчихна. Ногдол ашгийг өнөөдрөөс эхэлж нэрийн данс руу хийнэ. Иргэд хэзээ ч тэр мөнгөө авч болно.

-Ногдол ашиг тарааж эхэлсэнтэй холбоотойгоор ямар нэгэн гомдол санал танайд ирж байна уу?

-Ирэх долоо хоногоос л ирэх байх даа. Одоогоор ирсэн гомдол, санал алга.

-90 мянган төгрөгийн ногдол ашиг олгогдохоос 10 хувийн татвар хасагдаж иргэдийн гарт 81 мянган төгрөг орохоор юм байна лээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Энэ талаар Татварын ерөнхий газраас мэдээлэл хийнэ. Ерөнхий сайд, Монгол банк мэдээлэл өгөх юм. Тийм учраас энэ талаар түрүүлж манайх мэдээлэл өгөх боломжгүй байна.

Дашрамд дуулгахад, данс нээлгээгүй иргэд И-Баримт аппликейшнээр дамжуулж ногдол ашиг авах боломжтой юм.