С.Эрдэнэ: Шударга бусын эсрэг үзэг барин тэмцэж байгаа сэтгүүлчид та бүхнийг ямагт дэмжин ажиллана

С.Эрдэнэ: Шударга бусын эсрэг үзэг барин тэмцэж байгаа сэтгүүлчид та бүхнийг ямагт дэмжин ажиллана

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Ардчилсан намын дарга С.Эрдэнэ сэтгүүлчдэд баяр хүргээд дараах мэдээллийг нийтэлжээ.

ТЭРЭЭР:

"Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн баярын мэндийг Монголынхоо хэвлэл мэдээллийн байгууллагын нийт ажилтан албан хаагч, сэтгүүлчид та бүхэндээ өргөн дэвшүүлье. 1990 оноос өмнө монголчууд бид олон улсын болон дотоод үйл явдлын мэдээ мэдээллийг коммунист намын төв хэвлэлээс л олж үздэг байлаа.

Тэр нь ихээхэн цензурдсэн, үнэнийг гуйвуулсан, үзэл суртал нэвт шингэсэн худал хуурмагаар дүүрэн байдаг байв. Аливаа дарангуйллын нийгэм Иргэдийнхээ мэдэх эрхэнд ноцтойгоор халдаж, оюун санааны “боол” болгож, хүссэн зүгтээ удирдан чиглүүлэх сонирхолтой байдаг. Тиймээс үнэнийг мэдэх гэсэн, хэлэх гэсэн оролдлого бүрийг тас цохин, хайр найргүйгээр шийтгэж, хэлмэгдүүлдэг байв. Өнөөдөр Монгол Улсад Ардчилсан нийгэм тогтоод 30 жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд хамгийн их ололт амжилтад хүрсэн салбар бол хэвлэл мэдээллийн салбар.

Гэвч энэ амжилтыг таслан зогсоож, хуулиар далайлган сүрдүүлж, сэтгүүлчдийг заналхийлэх үзэгдэл сүүлийн жилүүдэд огцом нэмэгдлээ. 2019 он, 2020 оны эхний хагасын байдлаар 3000 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан хуулийн байгууллагад дуудагдаж, тодорхой тооны сэтгүүлчид Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар шийтгүүлсэн гэх сэтгэл эмзэглэм мэдээлэл байна. Үүгээр зогсохгүй хэвлэн нийтлэх, мэдээлэх үүргээ биелүүлсэн сэтгүүлчдийг нийгмийн сүлжээнд зохион байгуулалттайгаар гүтгэх, доромжлох, заналхийлэх, хэвлэл мэдээллийн байгууллагыг хаана, торгоно хэмээн сүрдүүлэх үзэгдэл илт нэмэгдэх боллоо.

Энэ бүхний ард төрийн эрх мэдэл бүхий хүмүүс байгаа нь Монголын Ардчилал, Тусгаар тогтнол, Парламентын засаглал, Үг хэлэх, Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд ноцтой аюул учраад байгаагийн илэрхийлэл болж байна. Иймд аливаа дарангуйлал, шударга бусын эсрэг үзэг барин тэмцэж байгаа эрхэм сэтгүүлчид та бүхэн Монгол Улсынхаа Тусгаар тогтнол, Эрх чөлөө, Шударга үнэний талд хэлбэрэлтгүй зогсч ирээдүй хойч үеийнхээ өмнө хүлээсэн үүрэгтээ үнэнч байна гэдэгт итгэлтэй байна. 1990 оны Ардчилсан хувьсгалын түүчээ болсон Ардчилсан нам, түүний мянга мянган гишүүд дэмжигчид та бүхнийг ямагт дэмжиж ажиллах болно" гэжээ.




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө