БАРИМТ: "Тавантолгой төмөр зам"-ын захирал Х.Пүрэвжаргалд сахилгын шийтгэл оногдуулахыг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярт даалгажээ

БАРИМТ: "Тавантолгой төмөр зам"-ын захирал Х.Пүрэвжаргалд сахилгын шийтгэл оногдуулахыг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярт даалгажээ

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Дүгэржавыг ажлын байран дээрээ архидан согтуурч, танхайрсан гэх хэрэгт холбогдсон үндэслэлээр өнгөрсөн оны наймдугаар сарын 05-ны  /2025.08.05/ өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж байсан билээ. 

Улмаар түүний оронд Зам тээврийн хөгжлийн төв төрийн өмчит компанийн захирлаар ажиллаж байсан Х.Пүрэвжаргалыг томилж байв.

Тэгвэл "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Пүрэвжаргалд сахилгын шийтгэл оногдуулахыг Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаярт даалгажээ. 

Тодруулбал, Үндэсний аудитын газраас "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн 2025 оны санхүүгийн тайланд аудит хийхэд "Сөрөг" дүгнэлт авсан тул түүнд хуульд заасан үндэслэлийн дагуу сахилгын шийтгэл оногдуулж, биелэлтийг 2026 оны зургаадугаар сарын 05-ны өдөр Үндэсний аудитын газарт ирүүлэхийг даалгасан байна. 

"Тавантолгой төмөр зам" ХХК-аас дараах зөрчил илэрсэн тул гүйцэтгэх захирал Х.Пүрэвжаргалд хариуцлага тооцохоор болжээ.  

  • Зам, тээврийн яамны салбарын спорт арга хэмжээнд зориулж тушаал гаргаж, төсөв батлаагүй, гүйцэтгэлээр мандат, хулдаасан хэвлэл, хувцас зэрэгт нийт 59.9 сая төгрөг зарцуулж архивлан хэмнэлтгүй, үргүй зардал гаргасан,
  • "Тавантолгой төмөр зам" ХХК нь хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн шийдвэргүйгээр арилжааны банканд захиалагчийн хяналтын орлого, төслийн гүйцэтгэлийн баталгааг байршуулсан 79,639.5 сая төгрөгийн хадгаламжийг барьцаалан салбар төмөр замын төслийн бүтээн байгуулалтыг гүйцэтгэж буй "Монголын төмөр зам" ТӨХК-д 78,000.0 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна. Үүнээс Тээвэр хөгжлийн банканд /9020700031/ байршуулсан хадгаламж барьцаалсан зээлийн үндсэн төлөлт, хүүгийн төлбөрийг төлж чадаагүйн улмаас барьцааг суутгуулсан,
  • “Тавантолгой төмөр зам” ХХК нь 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр "Монголын төмөр зам" ХХК-тай хөрөнгө түрээслэх Түг-2025/11, Түг-2025/07 дугаартай гэрээг байгуулж, төслийн 5 багц 2,795,745.4 сая төгрөг, өөрийн хөрөнгө 240,158.3 сая төгрөгийн, нийт 3,035,903.7 сая төгрөгийг хөрөнгийг түрээсээр ашиглуулахдаа ТУЗ-өөс их хэмжээний хэлцэл хийх зөвшөөрөл аваагүй, компанийн эрх ашгийг харгалзан үзэлгүй хөрөнгийн элэгдлийн зардлаас доогуур дүнгээр буюу 1,400.0 сая төгрөгөөр түрээсийн төлбөрийг тогтоосноор компанийн ашигт ажиллагаа алдагдсан,
  • “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 2025 оны үйл ажиллагаа, бизнес төлөвлөгөөг зохих үндэслэл, хэрэгцээ шаардлагад үндэслэн боловсруулаагүй, төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлж, батлуулаагүй,
  • Завсрын аудитаар төслийн талбайд байрлах агуулахын үлдэгдэлд түүврийн хяналтын тооллого хийхэд 18 кг-ийн 9 ширхэг будаг 0.9 сая төгрөг, 150-тай таслагчийн ир 500 ширхэг 1.6 сая төгрөг, электрод 180 ширхэг 4.5 сая төгрөг, 50 кг-ийн савлагаатай цемент 72 шуудай 1.5 сая төгрөг, нийт 8.6 сая төгрөгийн бараа материал дутсан зөрчил илэрсэн,
  • Тайлант онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн 6 багцын 2,822,442.1 сая төгрөгийн хөрөнгийг орлогод авч бүртгэхдээ “Дуусаагүй үйлдвэрлэл” дансанд дээрх хөрөнгөтэй холбоотой 43,659.4 сая төгрөгийн захиалагчийн хяналтын зардлыг үндсэн хөрөнгийн өртөгт шилжүүлэн бүртгээгүй, гүйцэтгэгчээс ирүүлсэн үнийн дүнгээр орлогод авч бүртгэсэн байжээ. 

Мөн 

  • Санхүүгийн тайланд тусгагдсан авлагаас томоохон харилцагч болох "Бодь Интернэшнл" ХХК-аас авах 82,690.3 сая төгрөг, бусад 48 харилцагч байгууллагуудаас авах 1,237.3 сая төгрөг, нийт 83,927.6 сая төгрөгийн авлагыг тооцоо нийлж баталгаажуулаагүй, бодитой эсэх нь нотлогдоогүй байна.
  • Санхүүгийн тайланд тайлагнасан өр төлбөрийн үлдэгдэлд "Бодь Интернэшнл" ХХК-д өгөх 32,352.6 сая төгрөг, бусад 158 харилцагч хувь хүн, байгууллагад өгөх өглөг 699.9 сая төгрөг, нийт 33,052.4 сая төгрөгийн өр төлбөрийг тооцоо нийлж баталгаажуулаагүй байна
  • Хөдөлмөрийн дотоод журмыг баримтлалгүй хөлсөөр ажиллах болон ажил гүйцэтгэх гэрээтэй ажилчдад 144.6 сая төгрөгийн сарын үр дүнгийн нэмэгдэл, туршилтаар ажиллаж байсан хугацаатай хөдөлмөрийн гэрээтэй ажилтанд 0.2 сая төгрөг, тэтгэвэр тогтоолгосон ажилтанд 0.9 сая төгрөгийн ажилласан жилийн нэмэгдлийг олгосон байна.
  • Завсрын аудитаар бараа материалын дансны үлдэгдэлд түүвэр тулгалт хийж, биет тест хэрэгжүүлэхэд төмөр замын өртөө, байгууламжийн бүсэд хашаа барьж байгуулах зорилгоор худалдан авсан нийт 168.4 сая төгрөгийн төмөр шон, савх төмөр, дай төмөр гэх мэт хашаа барьж байгуулах материалыг зориулалтын дагуу ашиглаагүй, гадаа талбайд ил задгай байршуулсан, дахин ашиглах боломжгүй болох, үрэгдэх эрсдэлтэй байна
  • Төсвийн хөрөнгөөр худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулахаас зайлсхийж, нийт 111.9 сая төгрөгийг төсөвт өртөг бүхий ажлыг хорин сая төгрөгөөс доош үнийн дүнтэйгээр хэсэгчлэн хуваан, шууд гэрээ байгуулах аргаар албан тасалгааны засварын ажлыг гүйцэтгүүлсэн байна. Ижил төстэй шинж чанартай хэвлэл, танилцуулга, контент боловсруулах ажилд 101.2 сая төгрөг, сургалтын зардалд 105.3 сая төгрөг, өвс тэжээлийн худалдан авалтад 20.0 төгрөг, нийт 338.5 сая төгрөгийг зарцуулахдаа үнийн санал ирүүлсэн байгууллагуудыг харьцуулалтын аргаар сонгон шалгаруулсан эсэх нь баримтаар нотлогдохгүй байна.
  • Тайлант онд ажил олгогчоос хөдөлмөрийн харилцааг цуцалсны тэтгэмжийг 8 хүнд олгохдоо 33.8 сая төгрөг, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн 4 ажилтанд 40.6 сая төгрөг, нийт 74.4 сая төгрөгийг нэмэгдүүлэн олгосон байна
  • Өмнөх оны аудитаар өгсөн 337.1 сая төгрөгийн ашиглах боломжгүй болсон, гэмтэж хоцрогдолд орсон бараа материалын цэвэр боломжит үнэ цэнийг тооцоолж, хөрөнгийн чанар байдлыг тодорхойлон, өртгийг бодитой тогтоож бүртгэл тусгах талаар төлөөлөн удирдах зөвлөлөөр шийдвэр гаргуулах зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллаагүй байна.



Өнөөдөр нохой өдөр

1 цагийн өмнө