Улаанбаатар хотын авто зогсоолын ашиглалт, менежментийн өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулжээ.
Тус ажлын хэсгээс өнөөдрөөс эхлэн арваннэгдүгээр сарын 11-ний өдрийг хүртэл нийтийн эзэмшлийн зам, талбай дахь төлбөртэй болон нийтийн хэрэгцээний ил, төвлөрсөн авто зогсоолуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, зогсоолын зөвшөөрөл, төлбөр, холбогдох стандартын хэрэгжилт, орц, гарцын нөхцөл байдал болон зөвшөөрөл олгосон газрын зориулалтын дагуу үйл ажиллагаа эрхэлж байгаа эсэхийг газар дээр нь шалган тогтоох аж. Ажлын хэсэгт Нийслэлийн Хяналт шалгалтын газар, Нийслэлийн Замын хөгжлийн газар, Хот байгуулалт, хотын стандартын газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Тээврийн цагдаагийн алба, “Улаанбаатар авто зогсоолын менежмент” ХХК-ийн албан хаагчид багтжээ. Тэд цаашид нийслэлийн авто зогсоолын төлөвлөлт, зохион байгуулалт, тэмдэг тэмдэглэгээний стандартыг олон улсын жишиг, сайн туршлагад нийцүүлэн шинэчлэх, зогсоолын байршил, бүсчлэлд үндэслэн төлбөрийн ялгаатай тариф тогтоох, нийтийн эзэмшлийн авто зогсоолын төлбөр хураах журам болон холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох гэнэ.
Одоогийн байдлаар 84 байршилд авто зогсоол ажиллуулдаг 54 ААН нийслэл хоттой гэрээ байгуулан ажиллаж байгаа аж. Эдгээр зогсоол өдрийн 12 цагийн тарифтай бөгөөд НИТХ-ын 2011 оны тогтоолоор нэг цагийн 1,500 төгрөгийн төлбөртэй байна. Энэ жил 4,500 орчим авто зогсоолын төлбөрөөс 2.4 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн Замын санд төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Авто зогсоолоос 2024 онд 950 сая, 2025 онд 1.6 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн Замын санд төвлөрүүлсэн байна. Харин хувийн ААН-үүд авто зогсоолын үнэ тарифыг өөрсдөө тогтоодог болохыг албаны хүн танилцуулж байв.