Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, БНМАУ-ын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит Үндэсний их баяр наадмын сорилго улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 224 бөхийн барилдаан болж өндөрлөлөө.
Тус барилдаанд Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүлж, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, улсын заан Д.Хүдэрбулга үзүүрлэв. Их шөвөгт улсын заан Б.Бат-Өлзий, улсын начин Б.Сосорбарам нар шалгарсан бол дунд шөвөгт улсын заан Ц.Одбаяр, улсын заан С.Сүхбат, улсын харцага Т.Баасанхүү нар үлдлээ.
Барилдааны үеэр Г.Дэмүүл арслангийн гэр бүлээс “Өсөх ирээдүйтэй бөхийн шагнал”-ыг сумын заан О.Учрахбаярт гардуулсан юм.
Мөн Монгол Улсын Шадар сайд асан, Говийн хөгжлийг дэмжих төрийн бус байгууллагуудын нэгдсэн холбооны тэргүүн Ц.Оюунбаатар уран барилдааны шагналыг аймгийн арслан Б.Баянсүхэд олгож, 1.5 сая төгрөгөөр шагнав. Харин Монголын Үндэсний бөхийн холбооноос “Үнэнч, шударга барилдаант бөх” шагналыг Монгол Улсын өсөх идэр начин Л.Энхсаруулд хүртээж, гэр бүлийн хамт гадаадад аялах эрхийн бичиг гардууллаа. Л.Энхсаруул начин нь сүүлийн жилүүдэд үндэсний бөхийн томоохон барилдаануудад амжилттай барилдаж, үзэгч олны хүндэтгэлийг хүлээсэн бөхчүүдийн нэг юм. Тэрбээр 2024 оны Улсын их баяр наадамд тав даван улсын начин цол хүртэж байсан бол 2025 оны Улсын баяр наадамд мөн тав давж цолоо батлан “Өсөх идэр” чимэг хүртсэн билээ. Үндэсний бөхийн ээлжит томоохон барилдаан болох Нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” зургаадугаар сарын 27-28-ны өдрүүдэд Хүй долоон худагт болж, улс, аймгийн алдар цолтой бөхчүүд хүч сорих юм.