Долоо, наймдугаар сард ихэнх нутгаар дулаан, зүүн болон говийн бүс нутгаар ахиу хэмжээний хур тунадас орно

Долоо, наймдугаар сард ихэнх нутгаар дулаан, зүүн болон говийн бүс нутгаар ахиу хэмжээний хур тунадас орно

Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэнгээс (УЦУОСМХ) 2026 оны долдугаар сараас есдүгээр сар хүртэлх улирлын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа.

Урьдчилсан төлвөөр долдугаар болон наймдугаар сард Монгол орны ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Харин есдүгээр сард нийт нутгаар агаарын температур олон жилийн дундажийн орчим байх төлөв гарчээ.

Долдугаар сард Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймаг, Өмнөговь болон Хэнтийн зүүн хэсгээр агаарын температур олон жилийн дундажийн орчим байх бол бусад нутгаар дунджаас дулаан байна. Харин хур тунадасны хувьд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгуудад дунджаас бага, Дорноговь, Өмнөговийн зүүн хэсэг, Сүхбаатар аймгийн өмнөд хэсгээр дунджаас ахиу орох төлөвтэй байна.

Наймдугаар сард Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дундажийн орчим байх бол бусад нутгаар мөн дунджаас дулаан байх төлөв ажиглагджээ. Энэ хугацаанд Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймаг, Хэнтийн зүүн болон Дундговийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас дунджаас ахиу орох төлөвтэй байна.

Есдүгээр сард агаарын температур нийт нутгаар олон жилийн дундажийн орчим байх бөгөөд хур тунадас Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймаг, Өмнөговийн ихэнх хэсэг, Дундговийн өмнөд болон Хэнтийн зүүн хэсгээр дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага орохоор байна.

Түүнчлэн баруун аймгуудын нутгаар хур тунадас харьцангуй бага, халуун өдрүүд олон хоногоор үргэлжлэх төлөвтэй байгааг анхааруулжээ. Иймд иргэд халалт, наршилт, зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, малчид бэлчээр болон усны нөөцдөө анхаарах шаардлагатайг зөвлөсөн байна. Мөн төвийн бүсийн аймгуудад долдугаар болон наймдугаар сард агаарын температур дулаан байх ч хур тунадас дунджийн орчим орох төлөвтэй байгаа бөгөөд түр зуурын усархаг аадар бороо, аянга цахилгаан, хүчтэй салхи, гол мөрний усны түвшин нэмэгдэх эрсдэлтэй байгааг санууллаа. Харин говь болон зүүн бүсийн аймгуудад хур тунадас ахиу, сэрүүн, салхитай байх төлөвтэй байгаа тул иргэд, аж ахуйн нэгжүүдийг болзошгүй байгалийн гамшигт үзэгдлээс сэрэмжтэй байхыг зөвлөжээ.