СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр Туул голд гурван иргэн осолдож амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр Туул голд гурван иргэн осолдож амиа алджээ

Өчигдөр буюу 2026 оны зургаадугаар сарын 16-ны өдөр нийслэлийн нутаг дэвсгэрт Туул голд гурван иргэн осолдож амиа алдсан харамсалтай хэрэг бүртгэгдсэн талаар нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Туул голд хүн живсэн тухай дуудлага 14:44 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ. Дуудлагын дагуу аврагчид шуурхай ажиллаж, эрэн хайх ажиллагаа зохион байгуулан 22 настай эрэгтэйг нас барсан байдалтай олж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Мөн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Туул голд хоёр иргэн живсэн тухай дуудлага мэдээлэл ирсний дагуу аврах ангийн алба хаагчид голын дагуу эрэн хайх ажиллагаа явуулжээ. Аврагчид 4 метрийн гүнд нийт 152 удаагийн шумбалт хийж, 20-51 насны хоёр иргэнийг нас барсан байдалтай олж, холбогдох байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдэд гол, усны ойролцоо зорчихдоо бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, баталгаат зам, гүүрээр зорчихыг онцгойлон анхаарууллаа.