“Солонго 1, 2” төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцыг улсын комисс хүлээн авч байна

“Солонго 1, 2” төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцыг улсын комисс хүлээн авч байна

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын хэлэлцээрийн хүрээнд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй “Солонго 1, 2” орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төслийн эхний ээлжийн бүтээн байгуулалт дуусаж, улсын комисс ажиллаж байна.

Тодруулбал, төслийн хүрээнд баригдсан 27 блок бүхий 2042 айлын орон сууцны барилга, байгууламжийн ажлыг хүлээн авахаар Нийслэлийн Хяналт шалгалтын газрын улсын комисс ажиллаж эхэлжээ. “Солонго 1, 2” төсөл нь нийт 5002 айлын 66 блок орон сууц бүхий хороолол байгуулахаар төлөвлөгдсөн бөгөөд үлдсэн 2960 айлын орон сууцыг 2027 оны гуравдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах төрийн бодлогын хүрээнд уг төслийг 2024 оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн байна. Төслийг Барилга, хот байгуулалт, барилгын стандартчиллын яамны захиалгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд захиалагчийн техникийн хяналтыг “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК гүйцэтгэж байна.

Тус хорооллын орон сууцнууд нь тусдаа угаалгын өрөөтэй, гурван давхар шилэн цонхтой, шалны дуу чимээ тусгаарлагчтай, ашиглалттай дээвэр, домофон болон нарны панелын системтэйгээрээ онцлог юм. Мөн хоёр болон гурван өрөөний сонголттой бөгөөд хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоолыг тусад нь шийдэж, барилгуудын нарны гэрлийн хүртээмжийг жигд байхаар төлөвлөжээ. “Солонго 1, 2” төслийн хүрээнд баригдаж буй 5002 айлын орон сууцанд иргэдийг хамруулахдаа “Төрийн өмчийн орон сууцыг иргэнд хөлслүүлэх, өмчлүүлэх журам”-д заасан шалгуур үзүүлэлтийг үндэслэн бүртгэл, сонгон шалгаруулалтыг 100 хувь цахимаар зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа юм.