П.Пүрэвжаргал: Угаартаж хордсон, ухаангүй ээжийгээ би аваад хаачих вэ

П.Пүрэвжаргал: Угаартаж хордсон, ухаангүй ээжийгээ би аваад хаачих вэ

Гуравдугаар сарын 28-29 шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16-р хороонд 57,30 настай хоёр иргэн сайжруулсан түлшний угаарын хийнд хордсон хэрэг гарсан.  Энэ явдлаас хойш 50 настай эмэгтэй огт ухаан ороогүй байдалтай байгаа бөгөөд 30 настай эмэгтэй эмнэлгийн асаргаанд байна. Бид тэдний ар гэртэй холбогдож болсон үйл явдал, нөхцөл байдлын талаар сурвалжиллаа.

Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэгт очиход ухаангүй байгаа эмэгтэйн хүү П.Пүрэвжаргал ээж, дүүгийнх нь бие хүнд байгаа талаар хэлсээр биднийг угтлаа. Ээж нь эмнэлэг дамжин эмчлүүлж байгаа ч сар гаруй хугацаанд нэг ч ухаан ороогүй, биеийн байдал нь дээрдээгүй аж.

СОНСОХ:

-ШИНЖИЛГЭЭ,ҮЗЛЭГИЙН ДҮГНЭЛТ ГАРААГҮЙ БАЙНА-

Анх ээж, дүүгэээ угаараас хэрхэн гаргаж авсан бэ?

Гуравдугаар сарын 27-ны орой ээж маань ажлаасаа тараад гэртээ очсон байдаг. Харин дүү маань 22 цаг хүртэл хөршийндөө байж байгаад гэрлүүгээ орсон. Түүнээс хойш хэнтэй ч ямар ч холбоогүй байж байгаад өглөө хөрш айлын хүн нь 12 цагт орж хараад унтаж байна гэж бодсон байгаа юм. Хоёр цагийн дараа ороход нь яг хэвэндээ байсан тул надруу залгаж мэдэгдээд, түргэн тусламж дуудсан.

Эмнэлэгт очтолоо угаартсан гэдгийг нь мэдээгүй гэсэн үг үү?

Би дуудлага аваад шууд Нэгдүгээр эмнэлэг дээр очсон. Түргэн дуудах үед цагдаа, Онцгой байдлынхан ирээд угаартсан байна гэж дүгнэсэн байна лээ. Тэгээд зуухны үнснээс дээж аваад явсан гэсэн.

Шинжилгээ, үзлэгийн дүгнэлт юу гэж гарсан бэ?

Одоогоор тийм ийм хариу гарлаа гэж мэдэгдэл ирээгүй байна. Ер нь мэргэжлийн байгууллагуудаас ямар ч хариу мэдэгдэл алга. Тухайн үед үнснээс дээж авч байгаа нь дутуу шаталттай байж болзошгүй гэж үзсэн байгаа юм. Гэхдээ энэ шахмал түлш чинь бүтэн шаталт явсан ч үнс нь бондгор хэлбэртэй хэвээрээ байдаг. Тэр байдлыг харчхаад Онцгой байлынхан газар дээр нь ажиллахдаа дутуу шатсан байна гэсэн дүгнэлт хийсэн байна лээ. Би хэд хоногийн өмнө гэртээ очоод тэр үнсийг хатгаж үзэхэд шууд бутраад унасан. Тийм учраас тэнд ямар ч дутуу шаталт байхгүй гэж үзэж байгаа юм.

-ХУДАЛДААНД ГАРГАХДАА БҮХ ТАЛААС НЬ ТУРШААД, ИРГЭДДЭЭ
ЗӨВЛӨМЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. ДУЛААНЫ УЛИРАЛ
ИРЛЭЭ ГЭЭД ХАЯЧХАЖ БОЛОХГҮЙ-

Угаарт өртсөн айлуудын ихэнх нь яндангаа хөөлөөгүй, хавхлагаа аваагүйгээс болсон гэдэг шалтгаанаас болсон гэж тайлбарлаж байгаа. Танай ээжийн зууханд ямар нэг асуудал байсан уу?

Жирийн л ханан пийшинтэй зуух байсан. Өмнө нь өвөлжингөө энэ түлшийг заавар, зөвлөмжийн дагуу яндангаа хөөлөөд хэрэглэсэн. Зуухны хувьд ямар ч асуудалгүй. Миний таамаглаж байгаагаар гадаа дулаан болох үед соролт нь багасаад, дотор талруугаа үлээж эхэлдэг. Шахмал түлш өөрөө ямар ч утаа байхгүй, үнэр байхгүй, химийн бодисоо буцааж үлээгээд түүнд нь угаартчихлаа. Тэрнээс биш утаа ялгараад, үнэр үнэртсэн бол мэднэ шүү дээ. Дүү маань утсаа гартаа барьсан чигээрээ ухаангүй болчихсон байсан.

Угаар мэдрэгч байсан уу?

Яг өмнөх өдөр нь ирсэн байна лээ. Ингэхдээ ямар ч заавар байхгүй, зүгээр л тэр төхөөрөмжөө өгчхөөд явсан. Манай хоёр яаж ажлуулахаа нь мэдэхгүй, зайг нь хийхэд тасралтгүй дуугараад байхаар нь эвдэрхий гэж бодоод унтраагаад тавьчихсан юм билээ. Нэг талаас энэ нь манай ээжийн буруу ч нөгөө  талаас үүнийхээ заавар, зөвлөгөөг хүргэж чадаагүйд дутагдал байгаа юм. Утаа мэдрэгч тараалаа л гэнэ. Яаж ажилладаг, дуугарч байгаа нь ямар утгатай болохыг мэдэхгүй хүн олон байна. Аль аравдугаар сараас түлшээ худалдаанд гаргачхаад хагас жилийн дараа л ирж байгаа юм. Өөр аваагүй айлууд угаартаж ч байгаа юм бил үү хэн мэдэх вэ. Ер нь энэ түлшээ тал бүрээс нь сайтар туршаад, болдоггүй юм аа гэхэд ядаж эрсдэлийг нь тооцоод сануулга зөвлөмж өгөх ёстой байсан гэж бодож байна. Өвөл ч бас тодорхой хэмжээний заавар,зөвлөгөө явсан. Дулаан боллоо гээд хаячхав уу.

-ЭМНЭЛГҮҮД ОР ХОНОГ ДУУССАН ШАЛТГААНААР
ГАРАХЫГ ШААРДАЖ БАЙНА-

Шинжилгээний хариу хэрэв түлшнээс болсон гэж гарвал яах бодолтой байна вэ?

Яг одоогоор ээж дүү хоёроо эрүүл саруул болгох дээр л анхаарч байна. Гомдол санал гаргаад хөөцөлдөх сөхөө алга. Надад ч тийм хариу гарлаа гэсэн зүйл хэлэхгүй байна. Дүү маань эмнэлэгт, ээж маань ямар ч ухаангүй 40 хоног гэртээ хариагүй, сахиурын өрөөнд хоноглоод байж байна. Хэзээ дуудах бол, нааштай хариу гарах болов уу гэсэн горьдлого тээсээр байна.

Одоо гэрийнхнийх нь биеийн байдал ямархуу байна вэ?

Хоёулаа угаарын хийн гүн хордлого гэсэн оноштойгоор эмчлүүлж байгаа. Дүү маань угаартсанаасаа гурав хоногийн дараа ухаан орсон. Түүнээс хойш тогтмол эмчилгээ хийлгэж байгаад биеийн байдал нь тогтворжсон. Их орон гаран, мартамхай байдал ажиглагдаж байгаад арав хоногийн өмнөөс огцом бие нь муудсан. Ямар ч ой ухаангүй, дөнгөж уулзаад салсан хүнээ санахгүй болсон. Юм хэлэхээр ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй, алхаж гишгэх асуудалтай болсон. СЭМҮТ-д үзүүлэхэд эмчилгээний дараах хордлого гэсэн оноштой, тэнэгрэлийн эхний шинж илэрсэн байна гэсэн. Ээж Нэгдүгээр эмнэлэгт 24 хоноод , Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт 15 хоног эмчлүүлж байна. Энэ хугацаанд ямар ч өөрчлөлт гараагүй, ухаан байхгүй.

Ямар эмчилгээ хийлгэж байгаа вэ, цаашдаа дараагийн шатны эмчилгээнд гадаад улсруу ч юм уу оруулах боломж байна уу?

Дүү маань хувийн эмнэлэгт мэдрэлийн эмчилгээ хийлгэж байгаа. Ер нь энэ хугацаанд нийт 5 сая төгрөгийн эм тариаг гаднаас авч хийлгэсэн байгаа. Гадаад явж эмчлүүлэх зөвлөгөө өгөх нь байтугай эмч нар маань эмнэлгээс гарахыг шаардаж байна. Тархины үхжилт явагдсан, тархи нь бусад эрхтнээ ажлуулж дийлэхгүй биеийн байдал хүнд гэсэн мөртлөө ор хоног дууссан эмнэлгээс гар гэж шаардаж байна. Ухаангүй ээжийгээ аваад би хаачих вэ. Шатлалынхаа дагуу өрхийн эмнэлэгт очих болж таараад байгаа юм. Тэнд ээжид минь хэрэгтэй аппарат, хэрэгслүүд байхгүй шүү дээ. Хаана хандаж, хаашаа очихоо мэдэхгүй хэцүүхэн байдалтай байна.