ТАНИЛЦ: В.Путины цаасан малгай буюу Монголоор газийн хоолой дамжуулна гэх САНАМЖ БИЧИГ

ТАНИЛЦ: В.Путины цаасан малгай буюу Монголоор газийн хоолой дамжуулна гэх САНАМЖ БИЧИГ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 12 дугаар сард ОХУ-д айлчлах үеэр тус улсын Ерөнхийлөгч В.Путинтай “ОХУ-аас БНХАУ-ыг холбох газийн хий дамжуулах  хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах” төслийг эхлүүлэх асуудлаар санал солилцсон байдаг.

Ийнхүү санал солилцсоны эцэст “хийн хоолой”-г Монголоор дамжуулах боломжтой эсэхийг судлах үүргийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин холбогдох албаныхандаа дахин өгсөн юм. Дахин гэсний учир нь 2019 оны есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин "Газпром" компанийн гүйцэтгэх захирал Алексей Миллертэй уулзах үеэрээ “ОХУ-аас БНХАУ руу хий нийлүүлэлтийн хоолойг Монголоор дамжуулах боломжтой эсэх талаар заавар өгсөн гэж ТАСС агентлаг мэдээлж байсан билээ.

-СИБИРИЙН ХҮЧ-2 ХООЛОЙ МОНГОЛЫН НУТГААР ДАМЖИХ ЭСЭХ НЬ ОХУ-ААС 100 ХУВЬ ХАМААРНА-

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр "Газпром” компанийн тэргүүн Алексей Миллер, Шадар сайд Ө.Энхтүвшин нар Оросын хийг Монголын нутгаар дамжуулан Хятадад нийлүүлэх боломжийн талаар хамтарсан үнэлгээ хийх тухай санамж бичигт гарын үсэг зурсан. Энэхүү санамж бичгийг манай зарим хэвлэл, мэдээллийн байгууллага 20 гаруй жил яригдсан хийн хоолойг Монголын нутгаар дайруулах төслийн албан ёсны эхлэл тавигдлаа гэж хөөрцөглөж байв.

Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ талаар удаа дараа олон нийтэд мэдээлэл өгсөн.  Тухайлбал, тэрбээр “хийн хоолойг Монголын нутгаар дамжуулж тавина гэдгээ ОХУ сая анх удаа илэрхийллээ. Хоёрдугаарт, энэ бүхэн бас л эл айлчлалын хүрээнд анх удаа цаасан дээр анх бууж, баталгаажлаа. В.Путин Ерөнхийлөгч “БНХАУ руу татах байгалийн хийг Монголын нутгаар дамжуулах улс төрийн шийдвэр гарчихлаа. Эдийн засгийн үр ашигтай байх тооцоолол байна” гэж хэлсэн. Монгол Улсын төмөр замын маршрутын дагуу тавихаар ярилцаад байна. Жилдээ 38 тэрбум шоо метр хий дамжуулах талаар ярилцсан. 1060 км орчим газарт хоолой тавина. Хоёр жилийн хугацаанд барьчих болов уу гэж ярьсан” гэж хэвлэлд ярилцлага өгч байв.

Гэтэл ОХУ-аас БНХАУ руу жилдээ 50 тэрбум шоо метр хий дамжуулах “Сибирийн хүч-2” хоолойг Монголын нутгаар дайруулан барих эсэх нь ОХУ-аас 100 хувь хамаарна. 

Энэ талаар манай улсаас ОХУ-д суугаа элчин сайд Л.Хангай хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Манайхаар дамжуулан хийн хоолой барих ажил өнөө маргаашгүй эхэлчихнэ гэж бодож болохгүй” гэж мэдэгдсэн.

-САНАМЖ БИЧИГТ “ХИЙН ХООЛОЙТОЙ ХОЛБООТОЙ ГОЛ ЗААЛТУУДЫГ ХУУЛЬ ЗҮЙН ХҮЧИН ЧАДАЛГҮЙ” ГЭЖ ТУСГАЖЭЭ-

Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалын үеэр Засгийн газрыг төлөөлж Шадар сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нарын байгуулсан санамж бичигт арай өөр зүйлийг санаж явахаар гарын үсэг зуржээ.

Тус санамж бичиг нь гурван хуудаст багтсан бөгөөд 8 зүйлтэй бөгөөд, түүний 1, 2, 5, 7 дугаар зүйл нь хууль зүйн хүчин чадалгүй. 3, 4, 6, 8 дугаар зүйл нь хууль зүйн хүчин чадалтай байхаар талууд тохирсон байна.

Гэтэл уг санамж бичгийн 1, 2, 5, 7 дугаар зүйлд хийн хоолойн гол асуудлыг тохирсон байжээ. Тодруулбал санамж бичгийн 1, 2 дүгээр зүйлээр Оросын хоолойгоор дамжуулах хийг Хятад улс руу Монголоор дайруулах төслийг хэрэгжүүлэх боломжийг судлах асуудлаар харилцан тохирчээ. Харин 5 дугаар зүйлээр санамж бичгийн үйлчлэх хугацааг, 7 дугаар зүйлээр санамж бичгийн хууль зүйн хүчин чадлыг тус тус тохирчээ. Тодруулбал, Санамж бичгийн 1 дүгээр зүйлийн 1-д “Талууд Орос Улсаас Хятад Улс руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр хийн хоолой дамжуулан өнгөрүүлэх маршрутын төрөл бүрийн хувилбарыг хамтран судлан боловсруулж, хамгийн оновчтой хувилбарыг урьдчилсан байдлаар тохиролцоно” гэжээ. Харин 2 дугаар зүйлд, “Санамж бичгийг хэрэгжүүлэх зорилгоор талууд хамтрсан ажлын хэсэг байгуулна” тусгажээ.

Мөн 5 дугаар зүйлд “Энэхүү санамж бичиг нь талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд 3 (гурван) жилийн хугацаанд үйлчилнэ. Талууд харилцан бичгээр тохиролцон энэхүү санамж бичгийг дараагийн 3 (гурван) жилээр сунгаж болно” гэж оруулжээ. Харин 7 дугаар зүйл “3, 4, 6, 8 дугаар зүйлийг эс тооцвол энэхүү санамж бичиг нь аль ч талын хувьд хууль зүйн ямарваа үүрэг хүлээлгэхгүй, ямарваа хууль эсхүл үүргийг өөрчлөхгүй, орлохгүй болно” гэжээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин, Газпром компанийн А.Миллертэй байгуулсан "Санамж бичиг"

Шадар сайд Ө.Энхтүвшин, Газпром компанийн А.Миллертэй байгуулсан "Санамж бичиг"

Шадар сайд Ө.Энхтүвшин, Газпром компанийн А.Миллертэй байгуулсан "Санамж бичиг"

-ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.ПУТИН, ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХЭД ЦААСАН МАЛГАЙ ӨМСГӨВ ҮҮ-

Дээрх санамж бичгээс үзэхэд ОХУ-ын “Газпром” компани Монгол Улсын өмнө хууль зүйн үүрэг хүлээхгүй, өөрчлөхгүй, санамж бичгийн 1, 2, 5, 7 дугаар зүйлд тохирсныг зөрчлөө гэхэд ямар нэг хариуцлага хүлээхгүй ажээ. Тиймээс ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголчуудын ярьдгаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр санамж бичиг нэртэй “цаасан малгай” өмсүүлээд буцаав уу гэх асуулт гарч байна. Ташрамд дурдахад харилцан ойлголцлын санамж бичиг нь заавал үйлчлэх үр дагаваргүй, талуудад эрх, үүрэг хүлээлгэдэггүй санаж төдий л зүйл юм.