Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутагт 10 настай охин сураггүй болсон тухай дуудлага 2026 оны наймдугаар сарын 2-ны 20:40 цагт бүртгэгдсэн байна.
Тодруулбал, охин наймдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагийн орчимд тарвас хураах ажилд явна хэмээн гэрээсээ явган гарсан бөгөөд түүнээс хойш сураггүй болжээ.Охин нь Буянт сумын төвд байрлах “Соёлын нэгдэл”-ийн 513 тоотод оршин суудаг бөгөөд тус газар нь аймгийн төвөөс зүүн зүгт 20 орчим километрийн зайд оршдог байна.
Одоогоор эрэн хайх ажиллагаанд:
- Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар;
- Онцгой байдлын 48 дугаар анги;
- Зэвсэгт хүчний 123 дугаар анги;
- Аймгийн Цагдаагийн газар;
- Буянт сумын Цагдаагийн хэсэг;
- Аймгийн Шүүх шинжилгээний газар;
- Сумын Мэргэжлийн анги;
- Ар гэрийнхэн
нийт 78 хүн, 2 морь, 2 мотоцикл, 9 автомашинтайгаар оролцож, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Одоогоор эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.