2026-2027 оны хичээлийн жилд дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд суралцах урилгаа авч, Боловсролын зээлийн сангийн сонгон шалгаруулалтын хяналтын нөөцөд бүртгэгдсэн 40 бакалавр, 20 магистр, нийт 60 суралцагчийн төлөөлөл болон тэдний эцэг эхчүүд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд шаардлага хүргүүлж, шийдвэр гарах хүртэл Төрийн ордны гадаа суулт хийхээ өнөөдөр /2026.08.10/ мэдэгдлээ.
Тэдний зүгээс 2026 онд гадаадад зээлээр суралцагчдын тоог эрс цөөлж, бакалаврын хяналтын тоог 10, магистрын хяналтын тоог 20 болгон баталсан нь өмнөх жилүүдтэй харьцуулахад гадаадад зээлээр суралцах оюутнуудын квотыг 90 орчим хувиар бууруулсан гэж үзэж байна. Үүний улмаас дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад тэнцсэн хүүхдүүдийн сургалтын төлбөрийг хэрхэн санхүүжүүлэх нь тодорхойгүй болж, суралцах эрхээ алдах, олон жилийн хөдөлмөр нь талаар өнгөрөх бодит эрсдэл үүсээд байгааг эцэг, эхчүүд хэлж байна. Мөн Засгийн газраас 2026 оны зургадугаар сарын 10-нд квот болон төсвийг нэмэгдүүлэх асуудлаар 250 дугаар тогтоол баталж, шаардлагатай хөрөнгийг 2027 оны төсөвт тусгахаар болсон ч энэ нь 2026 оны намар сургалтын төлбөрөө төлөх шаардлагатай байгаа оюутнуудын асуудлыг шийдвэрлэхэд хангалтгүй гэж тэд үзэж байгаа юм. Иймээс суралцагчдын төлөөлөл, эцэг эхчүүд Ерөнхий сайд Н.Учралд хандан хяналтын нөөцөд бүртгэгдсэн 60 суралцагчийн санхүүжилтийг Засгийн газрын нөөц хөрөнгө болон бусад боломжит эх үүсвэрээс шийдвэрлэх тодорхой шийдвэрийг наймдугаар сарын 15-ны дотор гаргахыг шаарджээ.