Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Задгай” орчимд Туул голд хоёр хүүхэд живэх гэж байна гэсэн дуудлагыг наймдугаар сарын 17-ны өдрийн 14:51 цагт ОБЕГ хүлээн авчээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн завьт эргүүлд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид шуурхай очиход 18 настай Е, 15 настай Э нар Туул голд сэлж байхдаа хөл алдан, усанд 15-20 метр урссан байжээ. Аврагчид хоёр хүүхдийг уснаас эсэн мэнд гаргаж, аюулгүй байдлыг нь хангасан байна. Иймд иргэд, эцэг эхчүүдийг гол, усны ойролцоо хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, зөвшөөрөгдөөгүй газарт усанд сэлэхгүй байхыг анхааруулж байна.