Философич Ц.Молор-Эрдэнийн оюутнуудад тавьсан лекцийн бичлэг цахим орчинд тарж, түүний түүхийн талаарх байр суурь дахин олон нийтийн анхаарлыг татлаа.
Гэхдээ энэ нь түүний түүхийн тухай байр суурь олны анхааралд орсон анхны тохиолдол биш. Өмнөх ярилцлага, лекц, нэвтрүүлгүүдэд хэлсэн маргаантай байр сууриуд нь сүүлийн өдрүүдэд дахин дахин цахим орчинд гарч ирж байгаа нь анхаарал татахуйц үзэгдэл болж байна.
Тухайлбал, Ц.Молор-Эрдэнэ “Бид бол Манж. Манжийн дараа Хятадын мэдэлд очсон. Ардын хувьсгал гэдэг чинь зүгээр төсөөлөл. Тийм юм байгаагүй” гэх агуулгатай байр суурийг илэрхийлсэн бичлэг олон нийтийн сүлжээнд дахин тарж байна. Түүний түүхийн талаарх эдгээр тайлбарыг түүхч, судлаачид шүүмжилж, түүхэн баримт, эх сурвалжид тулгуурлан байр сууриа илэрхийлсээр байна. Энэ нь түүхийн шинжлэх ухааны хүрээнд өрнөж буй маргаан бөгөөд өөрийн судалгаа, олон жилийн хөдөлмөрөөр Монголын түүхийг судалсан эрдэмтэн, судлаачид байр сууриа хамгаалах нь зүй ёсны хэрэг.
Харин анхаарал татаж буй өөр нэг зүйл нь Ц.Молор-Эрдэнийн өмнөх ярилцлага, лекц, хэлсэн үгс тодорхой хугацааны дараа дахин сөхөгдөж, улмаар өөрийнх нь нэрийг олон нийтийн хэлэлцүүлгийн төвд оруулж байгаа явдал. Өөрөөр хэлбэл, нэг удаагийн лекцийн бичлэг цахимд тарснаас илүүтэйгээр өмнө нь хэлж байсан маргаантай байр сууриуд нь дахин дахин гарч ирж байгаа нь “энэ нь санамсаргүй давталт уу, эсвэл олон нийтийн анхаарлыг татах нэг төрлийн арга хэрэгсэл үү” гэсэн асуултыг бий болгож байгаа юм.
Энэ асуултыг улс төрийн нөхцөл байдлаас салгаж харахад мөн бэрх. Учир нь Ц.Молор-Эрдэнэ 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Иргэний зориг ногоон намаас нэр дэвшихээ илэрхийлсэн. Сонгуульд нэр дэвших хүн олон нийтэд танигдах, нэр хүндээ тогтоох, улс төрийн хэлэлцүүлэгт өөрийн байр сууриа байнга байлгах шаардлагатай. Энэ утгаараа олны анхаарлыг татдаг, маргаан дагуулдаг сэдвийг улс төрийн танилтын хэрэгсэл болгож магадгүй хэмээн харж болохоор байгаа юм. Гэхдээ үүнийг Ц.Молор-Эрдэнэ зориудаар хийж байна гэж шууд дүгнэх баримт одоогоор байхгүй.
Мөн нөгөө талд Иргэний зориг ногоон намын хувьд ч олон нийтэд танигдах нь чухал байсаар ирсэн. Тухайлбал, 2024 оны УИХ-ын сонгуулиар тус нам дуучин М.Нарантуяа-Нараг жагсаалтаар нэр дэвшүүлсэн. Улмаар УИХ-ын гишүүн болсон М.Нарантуяа-Нара намын даргатайгаа зөрчилдөх үеэр “танай намыг би л олон нийтэд таниулсан” гэх агуулгатай байр суурь илэрхийлж байсан удаатай.