ВИДЕО: Германы Франкфуртын нисэх буудалд “нисэх буудлын хумхаа” өвчин илэрчээ

ВИДЕО: Германы Франкфуртын нисэх буудалд “нисэх буудлын хумхаа” өвчин илэрчээ

Германы Франкфуртын олон улсын нисэх буудлын зургаан ажилтан хумхаа өвчнөөр халдварлаж, тэдний хоёр нь амиа алдсан ховор тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Тодруулбал, эхний ажилтан 2026 оны 7-р сарын эхээр нас барсан бол хоёр дахь ажилтан 2026 оны 8-р сард нас баржээ

Германы эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлснээр халдвар авсан зургаан хүн бүгд malaria tropica буюу хумхаа өвчний хамгийн хүнд хэлбэрээр өвчилжээ. Дөрвөн ажилтан эмнэлгийн тусламж авч, одоогоор аюулаас гарсан байна.

ВИДЕО: 

Эрх баригчид халдварын эх үүсвэрийг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар хумхаа өвчин тээгч Anopheles төрлийн шумуул Африк зэрэг хумхаа өвчин тархсан бүс нутгаас ирсэн онгоцоор Германд “нууцаар зорчиж” ирсэн байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, онгоцонд жижигхэн шумуул олон мянган километр замыг туулж Франкфуртад хүрээд, нисэх буудлын ажилтнуудыг хазсанаар халдвар тараасан байх магадлалтай аж. Энэ төрлийн ховор халдварыг “airport malaria” буюу “нисэх буудлын хумхаа” гэж нэрлэдэг байна.

Одоогоор Франкфуртын нисэх буудлын орчимд шумуулын тор байрлуулж, баригдсан шавжнуудыг лабораторид шинжилж, ямар төрлийн шумуул болох, хаанаас ирснийг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Германы Роберт Кохын хүрээлэнгийн мэдээлснээр ийм төрлийн халдвар маш ховор тохиолддог бөгөөд өмнө нь Франкфуртын нисэх буудалтай холбоотой ижил төстэй тохиолдол 2023 онд бүртгэгдэж байжээ. Харин эрх баригчид одоогоор олон нийтэд халдвар тархах эрсдэл маш бага гэж үзэж байгаа аж.