Дональд Трампын ууган хүү Дональд Трамп Жуниор Монголд аялахаар дахин иржээ

Дональд Трампын ууган хүү Дональд Трамп Жуниор Монголд аялахаар дахин иржээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ууган хүү Дональд Трамп Жуниор Монгол Улсад дахин иржээ.

Тодруулбал, Тэрбээр энэ долоо хоногт Монголд аяллын зорилгоор ирсэн бөгөөд одоогоор Увс аймагт байгаа аж. Түүний хувьд Монголд зочилж буй нь анхны тохиолдол биш юм. Дональд Трамп Жуниор 2019 онд хүүгийнхээ хамт Монголд ирж, Баян-Өлгий аймагт хэд хоног саатсан. Энэ үеэрээ Алтай Таван Богдод очиж, малчин айлд байрлан, морь унаж, баруун нутгаар аялсан тухай тухайн үеийн Монголын болон гадаадын хэвлэлүүд мэдээлж байв.

Тэрбээр 2019 оны аяллынхаа дараа цахим хуудсандаа Монголын байгаль, нутгийн иргэдийн зочломтгой зан, аяллынхаа талаар сэтгэгдлээ хуваалцаж байсан юм. Тухайн үед тэрбээр Монголыг “урьд өмнө харж байсан хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг” хэмээн онцолж, өдөр тутмын амьдралдаа эргэн орсондоо сэтгэл дундуур байгаагаа бичиж байжээ.

Үүнээс хойш Дональд Трамп Жуниор Баян-Өлгий аймагт хэд хэдэн удаа ирж байсан гэх мэдээлэл бий. Харин энэ удаад аяллын чиглэлээ өөрчилж, Увс аймгийг зорьсон байна. Түүний Увс дахь аяллын маршрут, ямар газруудаар зочилж байгаа болон Монголд хэд хоног саатах нь одоогоор тодорхойгүй байна.