Нислэгийн үеэр онгоцны ослын гарцын бариул татсан Монгол Улсын иргэнд 4 сарын хорих ял оноож, 1 жилийн тэнсэн  харгалзжээ

Нислэгийн үеэр онгоцны ослын гарцын бариул татсан Монгол Улсын иргэнд 4 сарын хорих ял оноож, 1 жилийн тэнсэн харгалзжээ

БНСУ-ын Инчон хотын дүүргийн шүүх нислэгийн үеэр зорчигч тээврийн онгоцны ослын гарцын бариулыг татсан Монгол Улсын иргэн 51 настай А-д дөрвөн сарын хорих ял оноож, уг ялыг нэг жилийн хугацаагаар тэнсжээ.

Тодруулбал, Инчоны дүүргийн шүүхийн 12 дугаар эрүүгийн хэргийн шүүгч Ким Хён Сүк наймдугаар сарын 27-нд Нисэхийн аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн хэрэгт буруутгагдсан А-д холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Ингээд А нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн өглөөний 03:15 цагийн орчимд Монголоос Инчоны олон улсын нисэх буудлын чиглэлд нисэж байсан зорчигч тээврийн онгоцонд ослын гарцын бариулыг татсан хэрэгт буруутгагджээ.

Шүүхээс түүний үйлдлийг онгоцны нислэгийн аюулгүй ажиллагаанд ноцтой эрсдэл учруулж болзошгүй гэж үзсэн байна. Шүүгч Ким Хён Сүк шийдвэрээ тайлбарлахдаа, “Шүүгдэгчийн үйлдэл нь нисэхийн аюулгүй ажиллагаанд заналхийлж болзошгүй тул гэм буруу нь хүнд. Түүнчлэн өмнө нь БНСУ-д өөр хэрэгт шийтгүүлж байсан” гэжээ. Гэхдээ шүүгдэгч А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд тухайн үед онгоцны бүхээгт эмх замбараагүй байдал үүсээгүй, мөн бодит аюулгүй байдлын эрсдэл гараагүй нөхцөл байдлыг харгалзан ялыг нь тэнссэн байна.

Эх сурвалж: Yanhop