Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх үйл ажиллагааг таслан зогсоохыг мэдэгдэв

Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх үйл ажиллагааг таслан зогсоохыг мэдэгдэв

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж буй эрүүгийн хэргийн яллагдагчийг Дүүргийн эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэр бүхий шүүгч нар болон хуулийн байгууллагын холбогдох албан тушаалтнуудын талаар цахим орчинд мэдээлэл тарааж буй асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөл хэлэлцжээ.

Тодруулбал, “Монгол пабло Эскобар-Урхан” гэх нэр бүхий этгээдийн үүсгэсэн картелийн систем, “Урхан” Б.Чинбатад үйлчилдэг гэх агуулгатай мэдээлэл, мөн шүүгч Э.Чанцалням, Пабло Эскобар хочит “Урхан” Б.Чинбатын нэр холбогдсон гэх мэдээлэл цахим сүлжээнд тархсан байна. Мөн дээрх мэдээлэлд шүүгчийн гаргасан шийдвэрийг өөрчилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөх зорилготой үйл ажиллагаа зохион байгуулж байгаа гэх агуулга тусгагдсан байна. Уг асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөл 2026 оны наймдугаар сарын 28-ны өдрийн ээлжит бус хуралдаанаараа хэлэлцжээ. Хуралдаанаар холбогдох эрх бүхий байгууллагаас шалгаж тогтоогоогүй, шүүхээс эцэслэн шийдвэрлээгүй асуудлыг тодорхой баримтгүйгээр цахим сүлжээгээр тарааж байгаа нь шүүгчийн шийдвэрлэсэн хэрэгтэй холбоотойгоор шүүгчийн хараат бус байдал, ажил хэргийн нэр хүндэд халдсан, шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх зорилготой зохион байгуулалт бүхий шинжтэй үйл ажиллагаа гэж үзсэн байна. Иймд дээрх хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохыг мэдэгдэж, шаардлагатай тохиолдолд шүүгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэхээ Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдэгдлээ.




Өнөөдөр гахай өдөр

6 цагийн өмнө