Домогт реппер Тупак Шакурын амийг хөнөөсөн хэргийг зохион байгуулсан хэмээн буруутгагдсан Дуэйн “Кеффе Д” Дэвисийг нэгдүгээр зэргийн хүн амины хэрэгт гэм буруутайд тооцлоо.
Лас Вегасын тангарагтны шүүх 63 настай Дэвисийг 1996 онд Тупак Шакурын аминд хүрсэн халдлагыг зохион байгуулсан гэж үзэн шийдвэр гаргасан байна. Тангарагтнууд гурван цаг хүрэхгүй хугацаанд хэлэлцсэний эцэст гэм буруутай гэсэн шийдвэрт хүрчээ. Тупак Шакур 1996 оны есдүгээр сарын 7-нд Лас Вегас хотод автомашинаар зорчиж байхдаа буудуулж, зургаан хоногийн дараа 25 насандаа эмнэлэгт нас барсан юм.
Прокуроруудын үзэж байгаагаар Дэвис тухайн үед хамт явсан хүмүүсийн хамт Шакур болон түүний хүрээллийнхэнтэй үүссэн зөрчлийн дараа өшөө авах зорилгоор халдлагыг зохион байгуулсан байна.
Дэвис өөрөө Тупакийг буудаагүй ч халдлагад ашигласан бууг гаргаж өгч, буудлага үйлдсэн хүмүүсийн хамт цагаан өнгийн “Cadillac” автомашинд явсан гэж прокурорууд нотолжээ.
Хэргийг шийдвэрлэхэд Дэвисийн өмнө өгсөн ярилцлагууд, 2019 онд хэвлүүлсэн “Compton Street Legend” дурсамж ном болон мөрдөгчдөд өгсөн ярианы бичлэгүүд гол нотлох баримт болсон байна. Тупак Шакурын аллагаас хойш бараг 30 жил өнгөрсний дараа гарсан энэхүү шийдвэр нь уг хэргийн анхны ял болж байна.
Дэвис бүх насаар хорих ял авах боломжтой бөгөөд түүнд 10 дугаар сарын 13-нд ял оноохоор товложээ. Тэрээр шийдвэрийг давж заалдахаа мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters, AP