Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн дэмжлэг үзүүлэхээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэллээ

Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн дэмжлэг үзүүлэхээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцохын өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзсан билээ. 

Энэ үеэр төрийн тэргүүн нар хоёр улсын худалдааны эргэлтийг ирэх 5 жилд 30 тэрбум ам.долларт хүргэхээр тохиролцлоо. Түүнчлэн цаашид харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжил, төлөвлөлттэй уялдуулж, аж үйлдвэр, дэд бүтэц, ногоон хөгжил, эрдэс баялаг, сэргээгдэх эрчим хүчний салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн байна. 

Мөн хил дамнасан төмөр замын боомт байгуулах нь худалдаа, эдийн засагт  чухал ач холбогдолтойг төрийн тэргүүн нар онцолж, энэ хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтын бүтээн байгуулалтыг 2027 онд дуусгах, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын хил дамнасан төмөр замыг шат дараатай ашиглалтад оруулах талаар санал солилцлоо. Талууд Монгол, Хятад, Оросын гурван талт хамтын ажиллагаа, түүний дотор “Төмөр замын төв коридор”-ыг шинэчилж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын явц зэргийн талаар ярилцав.  Түүнчлэн олон улсын геополитик, геостратегийн нөлөөгөөр дэлхийн зах зээлд түлш, шатахууны нийлүүлэлт тогтворгүй байгаа ч Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэллээ.