Иргэд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ хаяж, үрэгдүүлсэн тохиолдолд өдөр тутмын сонинд зарлуулж, хүчингүйд тооцуулах шаардлагагүй боллоо.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд холбогдох журмын дагуу хүчингүйд тооцож, дахин олгохоор зохицуулсан байдаг. Тиймээс гэрчилгээгээ хаяж үрэгдүүлсэн иргэн тухайн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай зарыг өдөр тутмын сонинд заавал нийтлүүлэх шаардлагатай байв. Ялангуяа орон нутгийн иргэдийн хувьд Улаанбаатар хотод зорчиж, сонинд зарлуулах шаардлага нь цаг хугацаа, зардал ихээр шаардаж, чирэгдэл учруулдаг байсан.
Тэгвэл улсын бүртгэлийн байгууллагаас “Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг зарлах, хүчингүйд тооцох” нээлттэй мэдээллийн санг хөгжүүлж, zar.burtgel.gov.mn цахим хуудсаар дамжуулан хаяж үрэгдүүлсэн улсын бүртгэлийн гэрчилгээний мэдээллийг олон нийтэд нээлттэй мэдээлэх боломжийг бүрдүүлжээ.
Ингэснээр иргэн гэрчилгээгээ хаяж үрэгдүүлсэн тохиолдолд өдөр тутмын сонинд өөрөө зарлуулах шаардлагагүй болж, улсын бүртгэлийн байгууллага болон түүний харьяа нэгжүүд холбогдох мэдээллийг цахим мэдээллийн санд байршуулан бүртгэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.
