Apple компани анхны нугалдаг iPhone-оо ирэх есдүгээр сарын 9-нд танилцуулах төлөвтэй байна. Тус компани уг өдөр шинэ бүтээгдэхүүний арга хэмжээ зохион байгуулахаа албан ёсоор зарласан бөгөөд шинэ загварын iPhone-уудын хамт нугалдаг төхөөрөмжөө танилцуулах магадлал өндөр байгаа юм.
Apple-ийн анхны нугалдаг утас нь ном шиг дотогшоо нугардаг загвартай байх бөгөөд гадна талдаа ойролцоогоор 5.5 инчийн, задлахад 7.8 инчийн дэлгэцтэй болно. Ингэснээр задласан үедээ жижиг таблеттай төстэй дэлгэцийн талбайг хэрэглэгчид санал болгоно. Мөн төхөөрөмжийг нугалахад үүсдэг дэлгэцийн зураас буюу “crease”-ийг аль болох мэдэгдэхгүй болгох шинэ технологи ашиглах тухай мэдээлэл гарчээ. Нугалдаг утасны хувьд нугас болон дэлгэцийн бат бөх чанар нь хамгийн том сорилтуудын нэг тул Apple энэ хэсэгт онцгой анхаарч байгаа аж.
Техникийн үзүүлэлтийн тухайд одоогоор тархсан мэдээллээр уг төхөөрөмж A20 чип, 12 GB RAM, хоёр арын камертай. Мөн Face ID-ийн оронд хажуугийн асаах товчинд суурилсан Touch ID ашиглаж магадгүй гэх мэдээлэл бий.
Харин үнийн хувьд анхны нугалдаг iPhone нь Apple-ийн хамгийн үнэтэй ухаалаг утаснуудын нэг болох төлөвтэй. Шинжээчид болон салбарын эх сурвалжууд төхөөрөмжийн эхлэх үнийг 2000 ам.доллароос дээш байж болзошгүй гэж таамаглаж байна.
Apple нугалдаг утасны зах зээлд Samsung, Google, Motorola зэрэг үйлдвэрлэгчдээс хэдэн жилийн дараа нэгдэж байгаа юм. Reuters-ийн мэдээлснээр Apple-ийн шинэ төхөөрөмж нь нугалдаг утасны зах зээлд эзлэх байр сууриа хурдан нэмэгдүүлэхээс гадна компанийн өндөр үнэтэй бүтээгдэхүүний борлуулалтыг өсгөхөд чухал үүрэг гүйцэтгэхээр байна. Одоогоор төхөөрөмжийн албан ёсны нэр тодорхойгүй бөгөөд хэвлэлүүдэд “iPhone Fold”, “iPhone Ultra” гэх нэршлүүдийг ашиглаж байна. Apple есдүгээр сарын 9-ний арга хэмжээний үеэр төхөөрөмжийн нэр, үнэ болон техникийн үзүүлэлтүүдийг албан ёсоор танилцуулах эсэх нь анхаарал татаж байна.