Археологийн салбарын дэлхийд нэр хүндтэй “Antiquity” сэтгүүл наймдугаар сарын дугаартаа Монгол-Францын хамтарсан экспедицийн судалгааны үр дүнг онцлох нийтлэлээрээ танилцуулж, малтлагын зургийг нүүрэндээ нийтэлжээ.
Археологич, доктор, профессор Ц.Төрбаатараар ахлуулсан тус экспедиц Архангай аймгийн Өгийнуур сумын Тамирын Улаан хошуунд орших Хүннүгийн булш оршуулгын дурсгалт газарт олон жилийн турш малтлага, судалгаа хийж ирсэн байна. Судалгааны явцад Хүннүгийн соёлтой холбоотой үнэ цэнтэй олдворуудыг илрүүлэхийн зэрэгцээ тухайн үеийн хүмүүсийн генетик, хүн ам зүй, антропологи, ДНХ-ийн мэдээллийг Францын судлаачидтай хамтран лабораторийн түвшинд судалжээ.
Тус 99 жилийн түүхтэй сэтгүүл Монгол-Францын хамтарсан төслийн үр дүнг онцолсон нь Монголын эртний түүх, Хүннүгийн талаарх судалгаа олон улсын шинжлэх ухааны хүрээнд хэрхэн анхаарал татаж байгааг харуулж байна. Өнөөдөр бидний мэдэх Монголын түүхийг зөвхөн ном, музейгээс бус шинжлэх ухаан, генетик, археологийн шинэ аргачлалаар дахин нээж байгаа аж.