ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт өндөрлөсний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Бишкек хотноо сэтгүүлчидтэй уулзаж, Украины дайнтай холбоотой байр сууриа илэрхийлэв. Тэрбээр ОХУ-д шинэ дайчилгаа явуулах тухай мэдээллийг үгүйсгэж, Украины эрчим хүчний байгууламжид цохилт өгөх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн байна.
- АНУ-ын ТТГ-ын захирал Жон Рэтклифф Москвад айлчилсан талаар юу хэлэх вэ. Мөн Орос, АНУ-ын хэлэлцээ өргөжих үү?
Путин тусгай албадын төлөөлөгчдийн хооронд холбоо харилцаа үргэлж байдаг, хамгийн хүйтэн дайны үед ч байсан, одоо ч хэвээр үргэлжилж байна гэв. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын ойрын хүмүүс болох Жаред Кушнер, Стив Уиткофф нартай ажиллахад бэлэн бөгөөд тэд Москвагийн хувьд хүссэн үедээ уулзаж болох хүмүүс гэжээ. Түүний хэлснээр, ямар ч хэлэлцээ бодит агуулгатай байх ёстой бөгөөд цэргийнхэн, дипломатуудын оролцоо шаардлагатай.
- Фронтын нөхцөл байдлыг та хэрхэн үнэлж байна вэ?
Путин Оросын армийн давшилт үргэлжилж байгаа бөгөөд “дайсан аажмаар нуран унана” гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ энэ нь хэзээ болохыг хэлэхээс татгалзаж, “дайн бол харгис, урьдчилан таамаглахад бэрх зүйл” хэмээн хариулжээ. Мөн өөрийн авч буй мэдээллийг олон эх сурвалжаас, тухайлбал тусгай алба, цэргийн удирдлагуудаас авдаг учир нөхцөл байдлын талаар бодитой зураглалтай байдаг гэсэн байна.
- Барууны хэвлэлүүдийн мэдээлж буйгаар сонгуулийн дараа Орост дахин дайчилгаа зарлах гэж байгаа гэх мэдээлэл үнэн үү?
Путин энэ мэдээллийг эрс няцааж, “нохойн дэмий хуцалт”, мөн Оросын эсрэг чиглэсэн мэдээллийн дайралт гэж нэрлэсэн байна. Тэрээр шинэ дайчилгаа хийх тухай мэдээлэл ямар ч үндэслэлгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.
- ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЭСРЭГ ДРОН АШИГЛАХ ТУХАЙ ЗАНАЛХИЙЛЭЛ НЬ НОЦТОЙ АСУУДАЛ -
- Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский дроноор Оросын иргэний нисэхийн агаарын орон зайг хаах тухай ярьсан гэх мэдээлэлд ямар байр суурьтай байна вэ?
Путин хариулахдаа хэрэв ийм мэдэгдэл үнэхээр хийсэн бол энэ нь төрийн терроризмын шинжтэй гэж үзнэ хэмээн хариулжээ. Тэрээр иргэний нисэхийн эсрэг дрон ашиглах тухай заналхийлэл нь ноцтой асуудал гэж онцолсон байна.
- Орос яагаад Украины эрчим хүчний дэд бүтцэд өргөн хүрээтэй цохилт өгч байгаа вэ?
Путин Оросын Зэвсэгт хүчинд Украины эрчим хүчний байгууламжуудад томоохон цохилт өгөх бэлтгэл болон хэрэгжилтийн чиглэл өгсөн гэдгээ мэдэгдсэн. Түүний тайлбарласнаар энэ нь Украины талаас Оросын иргэний дэд бүтэц, газрын тос боловсруулах үйлдвэр болон түлш, эрчим хүчний цогцолборуудад хийсэн халдлагын хариу арга хэмжээ юм.
- Хар тэнгис, Азовын тэнгист Украины хийсэн ажиллагаа Оросын эдийн засагт ямар нөлөө үзүүлэв?
Украины зэвсэгт хүчин бодит хохирол учруулсан гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Түүний хэлснээр эхний хоёр долоо хоногт 40 орчим хөлөг онгоц гэмтэж, нийт 40 хоногийн хугацаанд 100 орчим хөлөг эвдэрсэн байна. Урьдчилсан тооцоогоор учирсан хохирол нь Оросын ДНБ-ий ойролцоогоор 1 хувьтай тэнцэж байгаа ч энэ нь улсын хувьд шийдвэрлэх хэмжээний хохирол биш гэж мэдэгдсэн юм.
- УКРАИН ДАХЬ ЯМАР Ч ЦЭРГИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ОБЪЕКТ ОРОСЫН АРМИЙН ХУУЛЬ ЁСНЫ БАЙ -
- Их Британийн болон бусад улсын цэргийн байгууламжууд Украинд байрлаж байвал Оросын бай болох уу?
Тэрбээр Украин дахь ямар ч цэргийн зориулалттай объект Оросын армийн хууль ёсны бай мөн гэж мэдэгдсэн. Үүнд Их Британийн цэргийн байгууламж ч хамаарна хэмээн тодотгожээ. Энэ асуудал нь Британийн зэвсгийг Оросын нутаг дэвсгэрт ашиглаж байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор сөхөгдсөн байна.