Б.Баатархүү: Жагсаал цуглаан хийсэн хүүхдүүдийг баривчлаагүй, тайлбар аваад явуулсан

Б.Баатархүү: Жагсаал цуглаан хийсэн хүүхдүүдийг баривчлаагүй, тайлбар аваад явуулсан

Өчигдөр өглөө Улаанбаатар хотын гол зам дагуу залуус "Битгий давар" уриа лоозон барьж, үзэл бодлоо илэрхийлсэн. Энэ үеэр цагдаагийн албан хаагчид ирж, залуучуудын үйлдлийг зогсоож, баривчилсан гэх мэдээлэл байсан.

Ийнхүү "Эерэг нийгэм" ТББ хууль зүйн яаманд үзэл бодлоо илэрхийлсэн залуусыг чөлөөлүүлэх шаардлагыг Хууль зүйн яаманд хүргүүлсэн талаар бид мэдээлсэн.

Харин энэ талаар ЦЕГ-ийн хэвлэлийн төлөөлөгч Б.Баатархүү өөрийн твиттертээ " Өнөөдрийн жагсаал Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 8.З дахь, Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчсөн үйлдэл болсон тул ЦБ-аас шалгасан. Тэр хүүхдүүдийг баривчлаагүй тайлбар аваад явуулсан. Шалгалт үргэлжилж байна" гэж мэдэгджээ.

Дээрх хуулийн заалтууд:

  • Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 8.З-т "Улс орны буюу тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд онц болон дайны  байдал зарласан, гамшиг болон аюул тохиолдсон бол тухайн нутаг дэвсгэрт уг шалтгаан арилтал жагсаал, цуглаан хийхийг хориглоно"
  • Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл сэтгэцийн өвчтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан, эсхүл жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, эсхүл дарамт шахалт үзүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно"