ДЭМБ: Коронавирусийн халдвар хэзээ ч устахгүй байж магадгүй

ДЭМБ: Коронавирусийн халдвар хэзээ ч устахгүй байж магадгүй

Шинэ төрлийн коронавирусээр халдварладаг Covid-19 өвчин нь ДОХ шиг бүрэн устдаггүй өвчин болж хүмүүсийн дунд үлдэх магадлалтайг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага өчигдөр анхааруулжээ.

“Бидний хувьд бодит байдалтай эвлэрэх нь чухал гэж би бодож байна. Одоогоор хэн ч энэ өвчнийг хэзээ устаж арилах талаар хэлж чадахгүй байна” гэж Женевт болсон онлайн хэвлэлийн хурлын үеэр ДЭМБ-ын шуурхай хөтөлбөрийн захирал Майк Райан мэдэгдсэн байна. Коронавирусийн эсрэг вакцин гарсан ч өвчин бүрэн устахгүй, харин хүн төрөлхтөн Covid-19-ийг хяналтдаа оруулж чадна гэж тэр дүгнэжээ. Ингэхдээ хэдийгээр вакцин нь гарсан ч улаан бурхан өвчин бидний дунд байсаар байгааг Райан жишээ болгон ярьсан байна.

Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд коронавирусийн эсрэг вакцин бүтээх 100 гаруй төсөл хэрэгжиж байгаагаас нэлээд хэд нь клиник туршилтын шатандаа ороод байгаа.

Дэлхийн улс орнууд өнөөдөр хорио цээрийн дэглэмээс хэрхэн хэвийн амьдралд эрсдэл багатай шилжихэд бүх анхаарлаа хандуулаад байна. Өөрөөр хэлбэл коронавирустэй зэрэгцэн амьдрах цаг үед шилжих гэж байна. Жон Хопкинсийн их сургуулийн гаргасан тоо баримтаар бол өнөөдөр дэлхий даяар нийт 4,297,073 халдварын тохиолдол бүртгэгдэж, 294,250 өвчтөн нас баржээ. Нийт 1,508,646 өвчтөн бүрэн эдгэрсэн байна.

Лхагва гарагт Африк тивийн Лесото улсад анхны халдварын тохиолдол бүртгэгдсэнээр тус тивийн бүх 54 улсад коронавирусийн халдвар тархжээ. Харин Африк тивийн жижиг арал улс Мавритус (Маврики ч гэдэг) коронавирусийг ялж, бүх өвчтөнөө эмнэлгээс гаргасныг өчигдөр зарласан байна. Энэтхэгийн далайд оршдог энэ улсад яг одоо ганц ч халдвар тээгч байхгүй бөгөөд сүүлийн 17 өдрийн турш ганц ч тохиолдол илрээгүй гэнэ. Африк тивийн ихэнх улсуудад цар тахал дэгдэж эхлээгүй байхад Мавритуст коронавирус тархаж, оргил үедээ 332 хүнийг өвчлүүлж, 10 хүн нас барж байжээ.

Эх сурвалж:Reuters