МАН-ын дотоод зөрчил, хагарал улам гүнзгийрч, нам доторх эрх мэдэл, мөнгөний төлөөх тэмцэл нь төрийн байгуулал, Үндсэн хуулэг журамд нөлөөлөх хэмжээнд хүрээд буй. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн байр суурийг тодрууллаа.
ВИДЕО:
- МАН-ын дотоод зөрчил хагаралдаан гүнзгийрэхийн хэрээр МАН-ын зодоон төрийн зовлон болох шинж ажиглагдаад байна. Та хувь гишүүнийхээ хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
- Би төрийн зовлон гэдэг үгнээс тойрмоор байна. МАН-ын дотоод зодоон, хувь хүмүүсийн толхилцоон, хамтарч ажиллаж нэг кабинетэд байхааргүй болтлоо нэг нэгэндээ өширхөж, ямар нэгэн байдлаар нэг нэгнийхээ дээр гарах гэж оролдож байгаа хандлага, дээр нь 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг угтаад Ерөнхийлөгчид нэр дэвшиж магадгүй гэж бодож байгаа хэсэг нь нэг нэгэнтэйгээ арцалдаж, замаасаа нэгнийгээ зайлуулж, гишгүүр болгож чадсан нь дээшээ гардаг энэ нэг явцуу гэх юмуу, гажууд үзэгдлийн золиосонд Үндсэн хуулийн дэг журам, Үндсэн хуулийн байгуулал нурж унаж байна гэж харж байгаа.
Монгол Улсад Үндсэн хуулийн байгуулал бэхжиж, хөгжиж байх ёстой шүү дээ. Гэтэл бодит байдал дээр Үндсэн хуулийн байгуулал гэдэг зүйл одоо байгаа юмуу. Та бүхэн энэ зодоон дундаас гарч ирж байгаа олон гэмт хэргийг сонссон. Гэтэл эдгээр бусармаг үйлдлийг ерөнхий том зургаар нэгтгээд үзэхээр ер нь манайд Үндсэн хуулийн дагуу байгуулагдаж, энэ дагуу ажлаа хийж байгаа чиг үүргүүд гэж байгаа юмуу, Үндсэн хуулийн дагуу зохион байгуулалтанд орсон төрийн байгуулал гэж байгаа юмуу. Ерөөсөө л нам эзэгнэсэн хэдэн бүлэг хоорондоо дураа хүрэхээр зодолдоод л, дургүйгээ хүрэхэээр хуйвалдаад л хуулийн гортигоосоо гараад хэт мафижсан, хэт мөнгө эрх мэдлийн сүлжээнд орсон. Нэг нэгнээ гэмт хэргээр шантаажлаад барьцаалчихсан байна. Энэ бол улс үндэстэн ер нь юу болоод хувирчихав аа гэсэн хэмжээний асуудал. Үүнийг хувь хүмүүсийн хоорондын маргаан юм шиг, нэг намын хоёр бүлгийн хоорондын зөрчил юм шиг харахаа болих хэрэгтэй. Авилга нь ч тогтолцооны болоод хувирчихсан байна, асуудал нь ч үндэсний хэмжээний болоод хувирчихсан байна. Ярьж байгаа бүх зүйл нь Үндсэн хуулиар олгогдсон чиг үүрэг, зохион байгуулалт, үзэл санаа гэхээс илүүтэй хувь хүмүүсийн хувийн ааш, аяг бүр сүүлдээ мухар сүсгийн түвшинд оччихсон байна. Энэ дээр болгоомжилж харахаас өөр аргагүй болчихсон.
- Та хагарлын шалтгааныг Ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарлаж байна л даа. Хагаралдааны шалтгаан нь ганцхан Ерөнхийлөгчийн сонгууль гэвэл арай учир дутагдалтай болчих байх л даа. Өөр шалтгаан байгаа болов уу?
- Өмнөх нь ч тэр, сүүлийнх нь хагаралдаан ч тэр ерөөсөө гуравхан зүйл дээр анзаарагдаж байна. Нэгдүгээрт, хяналтгүй байгаа уул уурхай, ТӨК-уудтай холбоотой их мөнгийг хэн захиран зарцуулах вэ гэдэг зодоон байлаа шүү дээ. Хэн их эрх мэдэлтэй байж, бусдыгаа айлгаж ичээх, бусдыгаа хэн дуугүй болгож чадах вэ гэдэг эрх мэдлийг хэн атгах вэ гэдэг зодоон байлаа. Хоёрдугаарт, сул мөнгийг идэхийн тулд айх айдасгүйгээр идэж уухын тулд хуулийн байгууллагын толгой дээр суугаад, тэд нараас айхгүй, харин эсрэгээрээ тэд нараараа бусдыгаа нохой адил уруулаад сууж байх эрх мэдлийн төлөөх зодоон байлаа. Гурав дахь нь, мөнгө эрх мэдлийнхээ ард дээр шоронд орохгүй байх. Ийм л гурван зүйл дээр суурилсан зодоон, талцал хуваагдал хэрүүл тэмцэл явлаа.
- Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Хууль зүйн сайдыг томилоод өнөөдөр 14:00 цагаас чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах товтой байна. Энэ хуралд Ардчилсан намын зүгээс оролцохгүй гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа.
- Ардчилсан намын бүлэг энэ долоо хоногтоо ямар ч байсан хууль бус байдлаар, өнөөдрөө харж байвал маргааш яахав гэж өөрийнхөө амин хэрэгцээний төлөө асуудлыг шийдэж байгаа Засгийн газрын төсөвтэй холбоотой байр суурийг дэмжихгүй байна. Тийм учраас энэ долоо хоногт оролцохгүй гэдэг байр суурьтай гурав хоногийн завсарлага аваад үйл ажиллагаа явуулж байна. Улс төрийн ийм байр суурийг илэрхийлж байгаа үед нь албан тушаал сандал суудлынх нь асуудлыг шийдэж өгөхийн тулд үүрэг гүйцэтгэхгүй гэсэн байр суурьтай байгаа.