Археологийн малтлагаас анх удаа чингис хааны билиг сургаал олдлоо

Археологийн малтлагаас анх удаа чингис хааны билиг сургаал олдлоо

ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс Монгол-Японы “Бичээс” төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт орших Олон сүмд 2025-2026 онд археологийн малтлага судалгааг явуулаад байна. Тус хамтарсан судалгааны баг 2026 оны хээрийн судалгааг Олон сүмийн туурьд наймдугаар сарын 12-23-нд 12 хоногийн хугацаанд зохион байгуулжээ.

Энэхүү судалгаа нь 2025 онд эхлүүлсэн археологийн малтлага, судалгааны ажлын үргэлжлэл юм. Монголын талаас доктор Л.Эрдэнэболд, академич С.Чулуун, Японы талаас профессор Такаши Мацүкава нар удирдаж, археологич Э.Уртнасангаар ахлуулсан судалгааны багийнхан “Монголын бурхны шашны түүх, бичиг үсгийн судалгаанд шинэ эх хэрэглэгдэхүүн”-ийг илрүүлсэн байна.

2026 оны судалгаагаар монгол бичгээр бичсэн 30 орчим үйсэн номын хэсэг илэрч, сэргээн засварлах ажлыг эхлүүлээд байна. Эхний уншилтаар шашны ном, зурхай, сургаалын агуулгатай бичвэрүүд илэрсэн бөгөөд “Лу. Алтан товч”-д тэмдэглэгдсэн эхтэй тохирч буй нь тогтоогджээ. Тэдгээрийн дунд Чингис хааны хөвгүүд, дүү нартаа айлдсан билэг сургаалын хэсэг анх удаа олдож буйгаараа онцлог юм.

Мөн ханын зураг, бурхны шавар дүрс, эрхи, шүншиг, төмөр эдлэл зэрэг олон үнэт олдвор илэрсэн нь Олон сүмийг XVI–XVII зууны үеийн Монголын эртний сүм хийд, шашин, бичгийн соёлын чухал төв байсныг харуулж байна.